


Тоглолтын дөнгөж долоо дахь минутад Тони Кроос, 21 дэх минутад Томас Мюллер гоолдсоноор германчууд тоглолтыг итгэл төгс тэргүүлж эхэлсэн. Тоглолтын хоёрдугаар хагас эхлээд 55 дахь минутад “Арсенал”-ын довтлогч Лукас Подолски хуучин багийнхаа хаалгыг мялааж, тооны харьцааг ойртуулсан ч 77 дахь минутад Хорватын шигшээ багийн довтлогч Марио Манжукич тоглолтын цэгийг тавьсан юм. Талбайдаа гурван ч гоол алдсан “Арсенал”-чуудын хувьд хариу тоглолтод хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь буулган авна гэдэг бэрх даваа. Тиймдээ ч Арсень Венгерийн хувьд Премьер лигт топ дөрөвт багтах нь энэ улирлын гол зорилго болж байх шиг.
Мөн өнгөрсөн шөнө болсон Португалийн “Порту” болон Испанийн “Малага” клубүүдийн тоглолт Порту хотын “Драгао” цэнгэлдэхэд болж, 1:0 харьцаатай талбайн эздийн ялалтаар өндөрлөв. Энэ улиралд Аваргуудын лигт нэг ч ялагдал амсаагүй байсан “Малага” ийнхүү анхны хожигдлоо хүлээв. Тоглолтын цорын ганц гоолыг 56 дахь минутад Мотинью оруулжээ.

Дээрх багуудын хариу тоглолт гуравдугаар сарын 13-нд /Монголын цагаар 14-ний 02.45 цагт/ болно. Харин өнөө шөнө Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн эхний шатны сүүлийн тоглолтууд болох юм. Тодруулбал, Италийн “АС Милан” клуб “Барселона”-гийн эсрэг, “Галатасарай” талбайдаа “Шальке”-г хүлээн авах юм.