“Бондын мөнгөөр үйлдвэр барих хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

“Бондын мөнгөөр үйлдвэр барих хэрэгтэй”

Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас “Чингис” бондын зарцуулалтын талаар аж ахуй нэгжүүдээс саналыг нь авчээ. Уул уурхайн салбараараа дэлхийд танигдсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2011 онд 17 гаруй хувьд хүрч байсан бол одоо буурсан ч гадаад зах зээлд Монголыг сонирхсон хэвээр. Тийм ч учраас Засгийн газрын “Чингис” бондыг гадаадын зах зээлд гаргаж 1.5 тэрбум ам.долларыг босгоод байгаа билээ. Бондын хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар аж ахуй нэгжүүдийн ерөнхий байр суурь үйлдвэрлэл, дэд бүтцэд зарцуулах нь зөв гэдэг дээр байгаа ажээ. Тухайлбал,

“Номин Холдинг” Группын Ерөнхий захирал Ш.Баярсайхан:

-Уг нь эхлээд хийх зүйлээ төлөвлөөд, түүндээ таарсан мөнгө босгож, зээл хөөцөлддөг. Гэтэл төр, засаг баахан мөнгө оруулж ирээд, одоо яах вэ гээд байна. Тооцой муутай тараачих вий. Бондын мөнгийг үр ашигтай зарцуулахын тулд Монгол Улсад хамгийн түрүүнд үйлдвэр байгуулах чухал. Хамгийн их экспорт хийж, улс орны эдийн засгийг авч явж байгаа уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүдийг бий болгох хэрэгтэй байна. Нөөц баялгаа түүхийгээр нь экспортлохыг яаралтай зогсоох хэрэгтэй. Ингэж байж үйлдвэрлэл бий болно. Манайх шиг хүн ам багатай, мэргэжилтэй боловсон хүчин цөөн улсад энэ мөнгийг үйлдвэрүүдэд ажиллах боловсон хүчнийг бий болгоход зарцуулж, сургалтанд хамруулах ажлыг яаралтай хийх хэрэгтэй. Гадаадын ажиллах хүчний тал дээр хууль эрх зүйн нааштай бодлого гаргаж татахгүй бол өнөөдөр бид дэлхийн хэмжээнд экспорт хийж, үйлдвэрлэл явуулахад хүн хүчний асуудал хамгийн бэрхшээлтэй байна.

– “Мон- Роад” ХХК гүйцэтгэх захирал Г.Тэнгис:

-Манай улсад юуны өмнө хот төлөвлөлтөө сайжруулах хэрэгтэй байна. Нийслэлд баригдах замыг сайжруулж, өргөжүүлэх, хотын замыг шинэчлэх, тойрог зам барих, уулын дагуу тунель зам барих нь зөв гэж бодож байна. Жишээ нь, Богд ууланд ийм зам гаргах, урагшаа хойшоо гаргах бүрэн боломжтой. Ингэснээр наад зах нь бохирдол багасах боломжтой. Тунель дотор агаарыг цэвэршүүлж байх сэнс ажиллана. Тэр хүчин чадлаараа агаар мандалд байгаа бохирдлыг сорж аваад бага ч гэсэн цэвэршүүлэлт явагдана шүү дээ.  Иймэрхүү бодит зүйлд хөрөнгө оруулаасай.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж