
“Байгалийн баялгаас олж байгаа орлого нь бусад орлогоос эрс ялгаатай. Газрын хэвлийд байгаа баялгийг газар дээр ил гаргаад санхүүгийн хэрэгсэл болгож хувиргана л гэсэн үг. Тийм учраас төсвийн бодлогоо маш зөв тодорхойлох хэрэгтэй. Урт болон богино хугацааны төсвийн бодлого байдаг гадны орнуудын туршлага байдаг. Урт хугацааны бодлого нь 20-30 жилийнх, богино хугацааны бодлого нь таван жилээр боловсруулагдсан байдаг юм” гэж Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансен ярьжээ.
Сүүлийн таван жилийн хугацаанд улсын төсөв мэдэгдэхүйц нэмэгдэж, үүнтэйгээ уялдаад зарлага нь ч нэмэгдэх төлөв ажиглагдаж байгаа. Уул уурхайгаас хамаарч эдийн засаг өсч, улсын төсөв нэмэгдэж байгаа ч боловсруулсан бүтээгдэхүүнээс олсон ашиг биш зөвхөн дэлхийн зах зээл дээрх зэс болоод нүүрсний үнэ өмнөх жилүүндийнхээс өсөхөд дагаж өсч байгаа үзэгдэл ажээ. Тиймээс төсвийн уян хатан, боловсронгуй бодлого боловсруулах ёстойг мэргэжилтнүүд анхааруулж байна.