
1973 онд анх зохион байгуулагдаж байсан Family Circle Cup тэмцээний энэ жилийн аваргын төлөө Оросын Елена Веснина, Данийн Каролина Возняцки нар өрсөлдлөө. Энэ онд Дубай болон Индиан Уэллст болсон тэмцээнд түрүүлсэн дэлхийн №1 Возняцки гурав дахь цомоо өргөхөөр талбайд гарсан бол Оросын теннисчин карьерынхаа тав дахь, харин энэ оны анхны финалдаа шалгарсан юм. Тиймээс ч WTA-ын тэмцээний цомыг анх удаа өргөхөөр Веснина тоглолтын эхнээс хичээж тоглосон. Гэхдээ дөрөв дэх геймд давуулалтаа алдаж, Данийн теннисчин 3:1-ээр тоглолтыг тэргүүлж эхэлжээ. Улмаар эхний сетэд Возняцки 6:2 харьцаатай ялалт байгуулсан байна. Хоёр теннисчин өмнө нь таван удаа хоорондоо таарахад 20 настай Каролина Возняцки дөрвөн удаа хожиж байсан. Энэ амжилтаа ч Чарлестоуны талбайд бататгалаа. Тоглолтын турш 10-хан удаа шаардлагагүй алдаа гаргасан тэрбээр дараагийн сетийг ч амжилттай эхлүүлсэн. Гэхдээ дэлхийн чансааны 56-д бичигдсэн Веснина сайн өрсөлдөж, геймийн харьцааг 3:3 болгон тэнцүүлж чадсан юм. Харин найм дахь геймд Возняцки дахин нэг брейк хийснээр тоглолтын хувь заяаг шийдэж, 6:3-аар хожсоноор 2009 онд авч чадаагүй цомоо авлаа. Энэ нь Данийн теннисчний 15 дахь цом болж байгаа юм. Возняцки мэргэжлийн теннисний ертөнцөд 23 удаа шигшээд шалгарч байсанаас сүүлийн гурван тэмцээнийхээ цомыг дараалан авч байна. Тэрбээр цомын хамт 111 мянган ам.доллараар шагнуулсан бол Елена Веснина шигшээд үлдсэнийхээ төлөө 57 мянган ам.доллараар дансаа зузаалсан байна.
Score Studio