Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр “УИХ-ын гишүүн байхдаа 10 цаг хүртэл унтчихдаг л байлаа” гэж ил цагаахан ярьсан байх. Харин одоо Ерөнхий сайдын зөвлөх болсноосоо хойш яс 08.00 цагт шуурхай хуралдаанд суух ёстой болсон болохоор өглөө эрт сэрдэг “сайн жаал” болж байгаа юм байх. Бас болоо ш дээ. 

Гэхдээ л энэ ярилцлагыг “өхөөрдөм” гэхээсээ илүүтэй ийм ч “балчир амьтан”-ыг Их хурлын гишүүнээр сонгоод дөрвийн дөрвөн жил ажиллуулчих гэж дээ гэж ичмээр. Дээрээс нь бас өнөөгийн парламентад ийм “балчрууд” цөөнгүй байгаа гэдгийг сануулахад илүүдэхгүй. Яахав Кёкүшюзан л бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр хээ шаагүй ярьчихсан юм уу даа гэж бас бага зэрэг цайруулж болохоор… Ер нь энэ жишгээр бол чуулганы хуралдаандаа цагтаа ирж чаддаггүй одоогийн эрхэм гишүүдийг Ерөнхий сайдын зөвлөх болгож, өглөө эрт босдог “сайн жаалууд” болгомоор юм.

Зөвлөх гэснээс төсөрхөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг бас гэнэт “сайн жаал” болж, эмнэлгийн ажилтай танилцсан. Уг нь өөрийнх нь бас “харж хайхарч” л байх ёстой ажилтайгаа манай сайд дарга гэнэт “танилцдаг” бас л гайхалтай “шийдэл”. Харин энэхүү “танилцах аялал”-ын үеэр багадсан халад чихээд өмсчихсөн   Кёкүшюзан Д.Батбаяр уйгагүй дагалдан явж хэвлэлийнхнээс “Ерөнхий сайдын өрхийн эмнэлэг хариуцсан зөвлөх” гэсэн шоглол амссан. Үүнд Кёкүшюзан нэг их эмзэглэсэн шинжгүй “Хэвлэлийнхэн тэгж наргисан байлгүй дээ” гэсхийж. Уг нь ч бас УИХ-ын гишүүн байхдаа Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдаж, чамгүй олон хууль санаачилсан эрүүл мэндийн салбарт гайгүй мэдлэгтэй гэж өөрийгөө тодотгожээ. 

Бас баахан Япон явуулна гэж амлаж сонгуульд ялчихаад амлалтаа биелүүлээгүй гэсэн шүүмжлэлд өртөж байсан тэрээр ер нь бол 400-гаад хүн Япон явуулсан, харин тэд нь Японд цунами болсны дараа яарч сандран ирцгээсэн гээд “Маргааш ч гэсэн хэдэн зуун хүн Япон руу явуулчих боломж байна. Гэхдээ гэр бүл салж сарнидаг айхтар том зовлон сэтгэл зовоогоод хөдөлж болохгүй байна” гэж санааширсан байх юм.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж