“ҮТЕГ-ын удирдлагуудын хэрэгт гадаадаас баримт цуглуулна”

Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

“ҮТЕГ-ын удирдлагуудын хэрэгт гадаадаас баримт цуглуулна”

Авлигатай тэмцэх газраас Үндэсний татварын ерөнхий газар /ҮТЕГ/-ын дэд дарга асан Ж.Батбаяр, тус газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний хүү Г.Ганзул, байцаагч О.Бямбасүрэн нарыг саатуулан шалгаж эхэлсэн.

ҮТЕГ-ын дэд дарга асан Ж.Батбаярыг өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн их хэмжээний НӨАТ-аас зайлсхийсэн, харин хэлтсийн дарга, байцаагч татвар төлөгчдийн мөнгөнөөс завшиж хувийн данс нээн хуримтлуусан, хууль бусаар гэнэт хөрөнгөжсөн хэрэгт өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн буруутгаад буй.

Хэргийг шалгах явцын талаар баттай эх сурвалжаас тодруулахад “Үндэсний татварын ерөнхий газрын удирдлагуудтай холбоотой хэрэгт багагүй хугацаа шаардагдах нь тодорхой болоод байгаа. Учир нь гадаадын хэд хэдэн улсаас хэрэгт холбоотой баримт материал цуглуулах шаардлага гарсан. Одоохондоо тэдний хэрэгт нэмж сэжигтнээр хэн нэгэн албан тушаалтныг татахгүй болов уу” гэв.

Хуулийн байгууллагынхан ҮТЕГ-ын удирдлагуудыг ямар компаниудын татварыг нуун дарагдуулсан, хэдий хэмжээний мөнгөний хэрэгтэй холбоотойгоор шалгагдаж байгааг нууцалж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж