
Исламын Шийт урсгалын Хезболлах бүлэглэлийн дайчид Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг дэмжих үүднээс Ливаны хилийн ойролцоох тус улсын Эль-Кусайр хотын гурван тосгоны босогчид руу дайрсан байна. Үүний улмаас Сирийн босогчдын армийн таван хүн амь үрэгдсэн тухай ВВС мэдээлжээ. Түүнчлэн энэхүү дайралтын үеэр Ливаны гурван шийт амь үрэгдсэн тухай Хезболлах бүлэглэл мэдэгдсэн байна. Хезболлах нь Ливанд голчлон үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Сирийн Засгийн газрын армид танк, олон төрлийн пуужин зэрэг хүнд зэвсэг техникээр тусламж үзүүлдэг Ерөнхийлөгч Башар аль-Ассадын ойрын холбоотон дэмжигч бүлэглэл аж. НҮБ-аас мэдээлснээр Сирид хоёр орчим жилийн хугацаанд үргэлжилж буй зөрчил мөргөлдөөний улмаас 70 мянган хүн амь үрэгдээд байгаа бөгөөд сөргөлдөгч талуудын үйлдэж буй цэргийн гэмт хэрэг өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг аж. Түүнчлэн НҮБ-аас Сирийн зөрчил мөргөлдөөний эсрэг авч хэрэгжүүлж буй зэр зэвсэг нийлүүлэхийг хориглосон хориг арга хэмжээгээ чангатгаж, хоёр талыг зэр зэвсгээр хангахгүй байхад анхаарч байгаа юм байна. Башар аль-Ассадын дэглэмийг унагахын төлөө эхэлсэн Сирийн бослого үймээн өдгөө иргэний дайны хэмжээнд хүрч, илүү бүс нутгийн шинжтэй болсныг НҮБ-аас мэдэгджээ.
Б.АНХТУЯА