
Сар шинийн баяр хуучирч амжаагүй байхад Монгол Төрийн тэргүүнЦ.Элбэгдорж тусгаар тогтнолоо олоод хоёр жил ч болооогүй байгаа Өмнөд Суданыг зорьж, тэнд энхийг сахиулж байгаа дайчдаа эргэж тойрон амар мэндийг нь эрэн золгохоор явсан юм. Улсынхаа тэргүүн дипломатчийн хувьд тусгаар улсаа шинэ тутам тунхаглаад байгаа Өмнөд Суданд айлчилсан Азийн орны анхны Төрийн тэргүүн, бас НҮБ-ын энхийг сахиулагчдын эгнээнд цэрэг дайчдаа илгээгээд 10 жил болж буй орны хувьд хилийн чинадад алба хааж буй хөвгүүд, охидоо эргэж очсон Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний анхны Ерөнхий командлагч нь Ц.Элбэгдорж болов.
Энхийг дэмжих UNMISS /United Nations Mission in South Sudan/ ажиллагааны Монгол Улсын батальоны захирагч, хурандаа Л.Гансэлэм дайчдаа жагсаан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид илтгэл өргөж цагийн байдлыг илтгэснээр “аавын эргэлт” эхэлжээ.
Батальоны хариуцлагын бүсэд цагийн байдал харьцангуй тайван байгаа ч ердөө ганцхан өдрийн өмнө манай энхийг сахиулагчдын байрлаж байгаа Ийда суурингаас 25, 54 км зайд Хойд Суданы зүгээс хоёр ч удаа онгоцноос бөмбөгдөж орон нутгийн армийн албан хаагчид амиа алдаж, шархадсан тохиолдол гарсан нь цагийн байдал түгшүүртэй байгааг гэрчилнэ.
Цагийн байдал иймэрхүү нэн эгзэгтэй, уур амьсгал халуун бөгчим, тусгаар улсаа тунхаглаад тун удаагүй байгаа Өмнөд Суданд хадаг дэлгэсэн золголт, хацар дээрх дулаахан үнсэлт, аав, ээж нь эргэж очсон мэт сэтгэгдэл, Монголын тухай яриа хөөрөө, сар шинийн ерөөл бэлгэдэл, монгол дайчдын амжилтын талаарх мэдээ сэлт, алганд харших хөөрөгний чимээ тун сонин содон агаад сэтгэл хөдөлгөм байсан биз ээ. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зочилсон Лейкс мужийн Румбек хот дахь цэргийн баазад алба хааж буй дайчид ийнхүү аагим халуун цөл дунд сар шинийн золголтоо хийж алд цэнхэр хадаг дэлгэн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчтайгаа, Батлан хамгаалахын сайдтайгаа амар мэндээ мэдэлцжээ. Цэрэг дайчид “аав ирэх шиг боллоо” гэсэн нь тэдний чин сэтгэлийн үг байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ч энхийг сахиулагч цэрэг дайчдадаа төрийн одон медаль гардуулж хийморь золбоог нь сэргээлээ. Бас Төрийн тэргүүн, эцэг хүний ёсоор халуун цэгт үүрэг гүйцэтгэж буй хөвгүүд, охиддоо Зовхи өөдөө, харц сортоотой, хийморьлог явахыг ерөөжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж “Эх орон, элгэн түмэн тань үргэлж хөвгүүд, охидтойгоо хамт байгаа гэдгийг харуулах гэж би ирсэн юм. Монгол Улсаас хамгийн олуулаа, хамгийн хол үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг дайчдаа эргэж би ирлээ. Би цэргийн хүн болохоор ар гэрээс эргэлт ирэхийн сайхныг мэднэ. Оногдсон үүргээ зовхи өөдөө, харц сортоотой, хийморьлог яваарай” гэсэн нь аргагүй л гэрээс ирсэн аавын цэрэг хүүгээ эргэхдээ хэлдэг үг байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй утсаар ярьжээ.
“Бүгд найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн ангийн үйл ажиллагаанд сэтгэл дүүрэн байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Өмнөд Суданд айлчилсан анхны гадаад орны Төрийн тэргүүн, мөн энхийг сахиулагчдаа эргэн, шинэхэн тусгаар тогтносон улсад айлчилсан гадаад орны анхны Төрийн тэргүүн та болж байгаа нь томоохон үйл явдал” гэжээ.
Монголын Төрийн тэргүүн ч “НҮБ-ын хамгийн шинэ залуу гишүүн улсад энх тайван тогтооход Монгол Улс цаашид ч идэвхийлэн оролцох болно” гэдгээ илэрхийлжээ.
Хэдэн жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Иракт айлчлахдаа монгол дайчдын алба хаадаг цэргийн баазад амар тайван алжаал тайлснаа ярьж онц гэсэн үнэлгээ өгч байсан юм. Ерөөсөө гадаад орны томчууд халуун цэгийн орнуудад айлчлахдаа монгол дайчдын хамгаалдаг байрлалд очиж амрах нь хамгийн найдвартай байдгийг удаа дараа хэлж байсан байдаг. Гадаа сум исгэрч, буун дуу гарахад амарч суугаа дайчдаас хамгийн түрүүнд монголчууд буугаа шүүрэн босдгийг энхийг сахиулж буй олон орны дайчид бахархан ярьдгийг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нэгэнтээ бахархан хэлж байсан юм.
Энэ удаа Өмнөд Суданд энхийг сахиулж буй монгол дайчид Төрийн тэргүүнээсээ эргэлт авч халуун цөл дунд сар шинийн баяраа тэмдэглэж нэгэн насаар дурсах сайхан дурсамжтай, хийморь босоо, зовхи өөдөө үлдлээ.