Ноос ээрэх үйлдвэр байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.19-нд нийтлэгдсэн

Ноос ээрэх үйлдвэр байгуулагдлаа

Төв аймгийн Зуун мод суманд  хонины ноосны ээрэх үйлдвэр байгуулагдан, өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл болон албаныхан оролцсон бөгөөд цаашид даавуу нэхэх үйлдвэр байгуулахын эхлэл болж байгаа тухай салбарынхан онцолж байна. “Могол ноос” ХХК нь 1996 онд Төв аймгийн Баянцогт сумын  Сарлаг багт ноосны анхан шатны боловсруулалт  хийх угаах, самнах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байгаад ийнхүү хонины ноос ээрэх үйлдвэр байгуулсан ажээ.
Ээрэх үйлдвэр  хоногт хоёр ээлжээр 2,0 тонн утас ээрэх хүчин чадалтай  юм байна. Үйлдвэрийн ажиллагааны хувьд, Монгол хонины ноосон даавуу төслийн хүрээнд  байгуулагдаж байгаа  ээрэх үйлдвэрийн хүчин чадлыг 100 хувь ашиглах зорилгоор  ноос угаах, самнах 18 үйлдвэрээс  самнасан ноос авч, ээрэх, нэхэх үйлдвэрлэлийг явуулах аж.  6000 тонн хонины ноосны хялгасыг ялгаж, 1200 тонн ноолуурлаг ширхэгээр  ээрч  даавуу үйлдвэрлээд дамжлагын 2800 орчим тонн хаягдал хялгас дээр бодын хөөвөр нэмж, барилгын дулаалгын материал үйлдвэрлэх боломжтой юм байна.

Монгол улсын  оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар дахь түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт 100 хувь гадаад зах зээлээс хараат  байж,  жилд 50 гаруй тэрбум төгрөгийн даавуу импортоор оруулж ирж үйлдвэрлэлээ явуулж байгаа бөгөөд  ноосон даавуу хийдэг үйлдвэр байхгүй ажээ. Энэ утгаараа Монгол Улс хангалттай хэмжээний ноос бэлтгэдэг ч 100 хувь эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж чаддаггүй нь ээрэх хүчин чадал, үйлдвэр муугаас шалтгаалдаг байна. Тэгвэл ээрэх дамжлагыг шийдэж эхэлж байгаа нь ноосон эдлэлийн эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлдээ гаргаж, цаашлаад экспортлох боломжийг бүрдүүлэхээс гадна ажлын байрнууд ч шинээр бий болох ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж