
Нам дотор нь харин хоёр намын нэгдлийг дэмжих фракци хэр олон байгааг хэлэхэд амаргүй ч УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос эхлээд УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан гэр бүлийнхээ хүнийг асрахаар БНСУ-ыг зорьсон У.Хүрэлсүх нар сайшаахгүй нь лавтай. Ц.Нямдоржийн хувьд “МАН МАХН-тай нэгдвэл намаасаа гарна” хэмээн хэвлэлийнхэнд ам алдаад авсан удаатай.
Тэгэхээр түүний хувьд ямар байр суурь баримталж байгаа нь нэгэнтээ тодорхой болсон. Харин намын нэр солих санаачлагыг гардаж хийсэн Зүүний хүчний холбооны тэргүүн У.Хүрэлсүхийн хувьд МАХН-ын дарга Н.Энхбаяртай хэзээний сайнгүй харилцаатай явж ирсэн тул хоёр тийшээ болсон нь хамгийн их завшаан байсан биз. Гэвч намын удирдлага зүгээс МАХН-тай нэгдэх асуудлыг тавих болсонд нааштай хандах нь юу л бол… Шазруун зантай тэрээр нэгэнтээ намын нэр сольж ялагдал хүлээсний хариуцлагыг хар толгойгоороо хариуцан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, бүр цаашлаад УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзчихаад байхад авлигалын “загалмайлсан эцэгтэй” эвлэрлийн гэрээ байгуулах тухай ярих нь зохисгүй хэмээн үзэж байж болох талтай. Хэдийгээр тэр улстөрөөс хэсэг хугацаанд завсарлага аваад байгаа ч нам дотроо бол нөлөөллөө алдаагүй түүний гар, хөлийн үзүүрт зарагддаг залуучууд нь “Нам дотроо сэлэм эргүүлэх замаар түүний хүчийг саараагүйг сануулсаар байгаа” тухай улстөрийн хүрээнийхэн ярилцдаг. Тэгэхээр У.Хүрэлсүхийн хувьд хоёр намын нэгдлийг эсэргүүцэх нь лавтай. Дээр нь С.Баяр, Сү.Батболд зэрэг улстөрчдийг нэрлэвэл нэлээд урт жагсаалт гарах биз.
Нөгөө талаас МАХН дотор ч МАН-тай нэгдэх сонирхолгүй хэсэг байгаа нь МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Г.Бямбасүрэнгийн ярианаас тодорхой харагдах болов. Тэрээр хэлэлд өгсөн ярилцлагадаа “Нийлнэ, нэгдэнэ гээд хэдхэн хүн шийдээд хийчих асуудал биш. Нэгдэхдээ хүрэх юм бол намын их хурлаа зарлаж шийднэ. Үнэндээ манай хоёр намд эргэж нийлж, нэгдэх боломж байхгүй. Үйл ажиллагаа, үзэл баримтлал олон зүйлээрээ ондооссон. Ардын намынхны голж хаясан нэрийг нь бид сэргээж аваад шударга явж байна. Орон нутгийн сонгуулиар Ардын намынхан бидэнд ямар байдлаар хандав гэдгийг наад зах нь мартаж болохгүй” гэжээ. Эндээс харвал МАХН дотор МАН-ынханд өс зангидсан хэсэг бүлэг байгаа нь ийнхүү тодорно. Дээр нь 2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд болсон экс Ерөнхийлөгчийн баривчилгаа одоо ч МАХН-ын гишүүдийн зүрхэнд шар ус хуруулсаар буй. Орон нутгийн сонгуулиар яаж хавчигдсанаа мартаж үл чадаж байгаа улс намынхаа даргын баривчилгааг бодохоор бүр жигшил зэвүүцэл төрөх биз. Гэхдээ “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо”-ны гишүүд өчигдөр намын дарга Ө.Энхтүвшинтэй уулзаж шаардлагынхаа хариуг авсны зэрэгцээ нүүрээ ширлэн байж Хорих 401 дүгээр ангид очиж, Н.Энхбаярт хоёр намыг нэгтэх тухай уриалгаа хүргэжээ. Иймэрхүү уянгын халилтай “жүжиг” тавихгүй бол МАХН-ынхны зүрх сэтгэл зөөлрөхгүй гэж бодсон уу, эсвэл ингэхээс өөр арга зам байсангүй юу ямар ч байсан МАН дотор нэгэн “жигүүр” үүсгэн дэвэх болсон “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо”-ныхон нэг иймэрхүү тоглолт хийгээд иржээ. Харин тэрхүү дэглэсэн жүжигт нь МАХН-ын дарга Н.Энхбаяр ямар хариу барих нь хэд хоногоос тодорхой болно. Дээрх хариу ямар гарахаас шалтгаалж 2012 оны УИХ-ын сонгуульд хамт хүчээ нэгтгэн “Шударга ёс” эвсэл байгуулан оролцсон МҮАН-ынхан Бүгд их хурлаа хэзээ хуралдуулахаа бас шийдэх болж байна. МҮАН-ын дарга М.Энхсайханы мэдэгдлээр бол МАН, МАХН хоёрын нэгдэх эсэхийг тус намынхан анхааралтай харж буй аж. Мэдээлэл ч хангалттай ирж байгаа гэнэ. Шийдвэр ямар байдлаар ч гарсан хүлээцтэй хандана. Ахмад гишүүдийн хоёр намаа нэгтгэх хүсэл эрмэлзлийг хүндэтгэж байна гэжээ. Түүний хувьд хоёр нам нэгдэх нь ашигтай тусч мэднэ.
Тэртэй тэргүй Шинэчлэлийн Засгийн газарт алба хашихаа больсон цагаас сэтгэл нь хөрж, Н.Алтанхуягийн танхимд хяналт тавихаа хүчтэй мэдэгдэх болсон түүний зүгээс МҮАН-ын Бүгд их хурлаар тодорхой сайд нарт хариуцлага тооцох асуудлыг хөндөх болсноо мөн зарласан. Үүгээр бол МҮАН-ынхны Бүгд их хурлаар давхар Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа ч хөндөгдөх болж байна. Харин МАН, МАХН-ынхны нэгдэх эсэх асуудал эцэслэх хүртэл энэхүү хариуцлага тооцох асуудал тодорхой цаг хугацаа туулж тэр хэрээр МҮАН-ынхны Бүгд их хурал хойшлогдох нь ойлгомжтой боллоо.
Харин авлигачдаасаа салж нэрээ цэвэрлэж чадаагүй цагт МАН, МАХН хоёр нэгдлээ ч шинэчлэгдэж чадах уу?