ЭЗ-ийн байнгын хороо 40 гаруй асуудал хэлэлцжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

ЭЗ-ийн байнгын хороо 40 гаруй асуудал хэлэлцжээ

УИХ-ын намрын чуулган завсарласнаар
байнгын хороод ажлаа тайлагнаад байгаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын
хорооны хувьд 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд давхардсан
тоогоор 40 гаруй асуудал хэлэлцэж, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ.
Эдгээр асуудлын  60 гаруй хувийг буюу 23 -н хууль, бусад шийдвэрийг
эцэслэн баталж, Олон улсын гэрээ, хэлэлцээрийн хоёр төслийг зөвшилцсөн
байна. 

Ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэж баталсан хуулиудыг
тодруулбал,  Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль нь
төрөөс мөнгөн хадгаламжид гаргах баталгааг хадгаламжийн даатгалын
тогтолцоонд шилжүүлэх эрх зүйн шинэ орчинг бий болгож, төрд учрах
эрсдэлийг бууруулах. Банк, санхүүгийн салбарын сахилга, хариуцлагыг
дээшлүүлэх, санхүүгийн зуучлал өргөжих, иргэд, харилцагчдын банкинд
итгэх итгэл дээшилж, эрх ашиг нь хамгаалагдахад чиглэгдэж, улмаар
санхүүгийн зах зээлийн тулгуур хууль болон үйлчлэх болж байгаагаараа
онцлогтой аж. Мөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах
үндсэн чиглэл нь макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг
хангаж дунд болон урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг
дэмжих, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 8 хувиас
хэтрүүлэхгүй байх. Банкны санхүүгийн чадавхийг бэхжүүлж, салбарын эрсдэл
даах чадварыг нэмэгдүүлэн урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг
бүрдүүлэх, хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, барьцаа
хөрөнгийн хөрвөх чадварыг сайжруулах зэрэг бодлого, арга хэмжээг авч
хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байна.

Мөн тус байнгын хороогоор эдийн
засгийн хурдтай өсөлтийг хангах, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт
хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор дунд, урт
хугацааны 5 тэрбум хүртэлх ам.долларын үнэт цаасыг 2012-2014 онуудад үе
шаттайгаар олон улсын зах зээлд арилжаалах УИХ-ын тогтоолын төслийг
парламентаар батлуулахад гол үүрэг хүлээж ажиллажээ. Бонд гаргах шийдвэр
гарснаар  эхний ээлжинд буюу 2012 онд 1,5 тэрбум хүртэлх ам.долларын
үнэт цаасыг арилжаалж,  энэ хөрөнгийг нийгмийн халамжийн аливаа
үйлчилгээ болон улсын төсвийн орлогын дутагдлыг нөхөхөөс бусад эрдэс
баялаг, зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, барилга, банк санхүү,
аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх эдийн засгийн үр ашиг бүхий томоохон
төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр тусгасан шийдвэр гаргасан нь хөгжилд
чиглэгдсэн томоохон алхам болсон аж.

Харин Малчид, үндэсний
үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын
тогтоол нь  арьс ширний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч
үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар сайжирч, ажлын байр шинээр
нэмэгдэн улмаар өрсөлдөх чадвар бүхий боловсруулах аж үйлдвэрийг
хөгжүүлж, эдийн засгийн төрөлжилтийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэхэд
чухал алхам болно гэж үзжээ. Энэхүү тогтоолоор арьс, ширийг дотооддоо
гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний
үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140,4 тэрбум
төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гаргаж,
арилжаалахыг  Засгийн газарт зөвшөөрсөн байна. Ингэснээр хөнгөлөлттэй
нөхцөлөөр зээл олгох болон хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд
урамшуулал олгох, түүнд хяналт тавих журмыг баталж, хэрэгжилтийг хангаж
ажиллах, үйлдвэрлэгчид олгох зээлийн хүүг жилийн 7 хувиас илүүгүй
байхаар тооцож олгох, малчин, мал бүхий хувь хүн үндэсний боловсруулах
үйлдвэрт бог малын арьс тутамд 3000 төгрөгийн, адуу, үхрийн шир тутамд
15000 төгрөгийн мөнгөн урамшуулал авч байхаар шийдвэрлэжээ.

Иргэний
агаарын тээврийн салбарыг олон улсын стандартад нийцсэн, аюулгүй
ажиллагаа, аюулгүй байдлыг хангасан, эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх
чадвар бүхий салбар болгон шинэчлэх замаар улс орны эдийн засгийн болон
нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх нь далайд гарцгүй,
дэд бүтэц сул хөгжсөн, өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол орны хувьд
зарчмын чухал ач холбогдолтойг үндэслэн Төрөөс иргэний нисэхийн салбарт
2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг батлуулжээ.

Мөн
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний
тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг
батлуулсан нь дараах ач холбогдолтой хэмээн үзжээ. Тухайлбал, 
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий чиг хандлагыг урт болон 4 жилийн
төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж, Улаанбаатарын бүс болон
хотын нутаг дэвсгэрийн ашиглалт, үүрэг зориулалт,  хот, хот орчмын нутаг
дэвсгэрийн тэг гортиг, хил хязгаар тодорхой болж, улмаар хот, тосгоны
хөгжлийн бодлогод тулгуурласан засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,
удирдлагын тогтолцоо бий болох.  Хүн амын суурьшил, хотын өсөлтийг хот
байгуулалтын бодлогоор зохицуулах нөхцөл бололцоог бий болгоно хэмээн
үзжээ.

Газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг найдвартай хангах,
үнийн тогтвортой байдлыг хадгалах, хараат байдлаас гарах. Цаашдаа газрын
тосны бүтээгдэхүүний стратегийн ач холбогдолтой, эдийн засгийн суурь
үнийг бүрдүүлэгч болохын хувьд энэ төрлийн худалдааг төрийн хяналт
зохицуулалттай байлгах зорилгоор бүх төрлийн шатахууны импорт, бөөний
болон жижиглэнгийн худалдаа эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй
болгохтой холбогдуулан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай
болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн  төслүүдийг хэлэлцэн баталснаар тодорхой хэмжээний үр
дүнд дагуулах болжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж