
Ямартай ч түүний хэргийг энэ хоёрдугаар сард багтаан шүүн хэлэлцэх нь тодорхой бололтой. Учир нь Д.Дондог нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газар хянаж дуусаад, өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад 30 хоногийн дотор шүүх хурлын товыг зарлах учиртай юм. Сүхбаатар дүүргийн албаны эх сурвалжаас тодруулахад “Д.Дондог нарын шүүх хурал дараа долоо хоногт товлогдоно” гэв. Мөрдөн байцаалтын явцад Д.Дондог нь өнгөрсөн 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилж, сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдгийг тогтоогоод байгаа. Түүний залилангийн хэрэгт туслах Г.Сайнбаяр, А.Батбилэг, Л.Мөнхсайхан, А.Ариунболд, Д.Баасанхүү нарын 10 гаруй хүнийг холбогдуулан сэжигтнээр татаад байгаа юм.
Гишүүн асан Д.Дондогийн анхан шатны шүүхээс гэм буруутай гэж үзвэл эд хөрөнгийг хурааж, 10-15 жилийн ял оноох юм.