
Мөн Претория хотын цагдаа нар загвар өмсөгч Рийва Стинкэмпийн тархи хагарсан байсныг онцолж, өнгөрсөн Валентины өдөр болсон аймшигт хэргийг дүр зургийг гаргажээ.
Цагдаа нарын мэдээлснээр Оскар Писториус найз бүсгүй Рийва Стинкэмпийг буудан хөнөөсөн хэрэг өнгөрсөн 14-ны өдөр үүрийн 03-04:00 цагийн хооронд Претория дахь гэрт нь болжээ. Оскар Писториус эхлээд унтлагын өрөөндөө найз бүсгүй Рийва Стинкэмпийг 09 мм-ийн гар буугаар гуянд нь буудсан. Харин Рийва Стинкэмп түүнээс зугтахын тулд эсрэг талын угаалгын өрөө рүү гүйсэн. Гэтэл Оскар Писториус түүний араас очин, угаалгын өрөөний хаалганы цаанаас Рийва Стинкэмпийг толгой, гар цээжинд нь тус тус буудан хөнөөсөн тухай “Sunday Mirror”-д нийтэлжээ. “Sunday Mirror”-д мэдээлснээр бол Оскар Писториус найз бүсгүйгээ дөрвөн удаа буудсаныхаа дараа үүрийн 3:55 минутад бизнесмен Жастин Диварис руу утасдаж "Рийва буудуулчихлаа" хэмээн ярьсан гэнэ. 27 настай бизнесмен Жастин Диварис “Оскар над руу залгаад "Рийва буудуулчихлаа" гэсэн. Тэгэхээр нь би "Юу яриад байгаа юм бэ? Юу болсoн юм бэ" гэтэл "Би түүнийг буудчихлаа" гэсэн. Тэгээд би "Рийва зүгээр үү" гэтэл "Үгүй тэр муу байна. Чи хурдан энд ирэх хэрэгтэй байна" гэсэн. Тэгээд би түүний гэрт очиход тэнд хэдийнэ цагдаа нар ирсэн байсан” хэмээн ярьсан байна.
Өмнөд Африкийн нэгэн сонинд бичсэнээр загвар өмсөгч Рийва Стинкэмп 27 настай регби тоглогч Франсуа Оугардтай нэр холбогдох болсноос Оскар Писториус түүнийг хардаж, амийг нь хөнөөсөн байж магадгүй гэнэ.
Хэргийг сануулахад, Өмнөд Африкийн загвар өмсөгч Рийва Стинкэмп өнгөрсөн 14-ны үүрийн 04:30 цагийн орчим найз залуу Оскар Писториусын Претория дахь гэрийн угаалгын өрөөний үүдэнд дөрвөн удаа буудуулж нас барсан байдалтай олдсон билээ. Тухайн үед цагдаа нар хосуудын унтлагын өрөөнөөс 09 мм-ийн нэг бууны сум болон гар бууны гэрийг олж илрүүлсэн бөгөөд хохирогч Рийва Стинкэмп унтлагын хувцастайгаа байсан байна. Претория хотын шүүхээс Оскар Писториусыг найз бүсгүй Рийва Стинкэмпийн амийг санаатайгаар хөнөөсөн нь тогтоогдвол тэрээр бүх насаараа хорих ял сонсох юм.
Рийва Стинкэмпийг маргааш Оскар Писториусын хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх хуралтай давхцан төрөлх Порт-Элизабет хотноо нутаглуулна.
Олимп болон Паралимпийн аварга Оскар Писториус болон модель Рийва Стинкэмп нар өнгөрсөн арваннэгдүгээр сараас үерхэж эхэлсэн аж.