Нигерит гадаадын ажилчид барьцаалагджээ

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Нигерит гадаадын ажилчид барьцаалагджээ

Нигерийн хойд хэсгийн Баучи мужид орших барилгын компанийн ажилчдын байр руу зэвсэглэсэн этгээдүүд халдаж, нэг хамгаалагчийг хөнөөгөөд, гадаадын долоон ажилчинг барьцаалжээ. Нигерийн албаныхны энэхүү хэрэгт лалын “Боко Харам” зэвсэгт бүлэглэлийг сэжиглэж байгаа бөгөөд хулгайлагдсан ажилчдын дунд Итали, Грекийн тус бүр нэг, Ливаны хоёр иргэн байсан аж. Түүнчлэн ВВС мэдээлснээр эдгээр барьцаалагдсан ажилчдын дунд нэг Филиппин хүн байгаа юм байна.

Нигерийн цагдаа нарын мэдээлснээр энэхүү хэрэг гарахын өмнөхөн Баучи мужийн нийслэл Жамаригаас 200 км-ийн зайтай орших цагдаагийн газар руу зэвсэгт этгээдүүд халдсан бөгөөд эдгээр хоёр халдлагууд хоорондоо холбоотой эсэхийг мөрдөн шалгаж байгаа аж.

Нигерид сүүлийн үед зэвсэгт бүлэглэлүүд гадаадын ажилчид болон баячуудыг барьцаалан мөнгө, барьцаа нэхэх хэрэг гарах нь ихэссэн бөгөөд тэр дундаа тус улсын газрын тосоор баялаг Негирийн голын цутгаланд энэ төрлийн гэмт хэрэг гарах нь түгээмэл юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж