Жүдочид “Дэлхийн цом”-оос таван медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2013.02.18-нд нийтлэгдсэн

Жүдочид “Дэлхийн цом”-оос таван медаль хүртэв

Парисын “Их дуулга”-д амжилттай барилдсан манай жүдочид Австри, Унгарын дэлхийн цомд ч медалийнхаа чанарыг буулгасангүй. Австрийн Обервартад болсон эмэгтэйчүүдийн дэлхийн цомын хөнгөн дөрвөн жинд манай тамирчид зодоглов. Үүнээс 52 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер М.Уранцэцэг алт, Б.Бат-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна.

Тэгвэл Унгарын Будапештад болсон эрэгтэйчүүдийн дэлхийн цомын 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг нар тус бүр мөнгөн медалиар энгэрээ мялаав. Мөн тэмцээний хүнд жинд манай тамирчдаас 81 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Ууганбаатар мөнгөн медаль хүртжээ. Тэрээр аваргын төлөөх барилдаан Японы Каваками Томохирод дийлдсэн байна. +100 кг-ын жинд зодоглосон Ө.Дүүрэнбаярын хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд Солонгосын бөхөд ялагдсанаар тавдугаар байрт шалгарчээ.   Их дуулга болон дэлхийн цомд оролцсон жүдочид энэ долоо хоногийн сүүлчээр эх орондоо ирэх бол жүдогийн шигшээ багийн хоёрдугаар групп Германы Дюссельдорфийг зорих гэж байна. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй 14, эмэгтэй долоон жүдоч оролцох юм.

Б.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж