11799,5 га талбай эвдрэлд оржээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

11799,5 га талбай эвдрэлд оржээ

Уул уурхайн нөхөн сэргээлт хийх аргачлалыг боловсруулж саяхнаас амьдралд хэрэгжүүлж эхлээд байна. Аргачлалд техникийн болоод биологийн нөхөн сэргээлтийн талаар нарийвчлан тусгаснаараа онцлог юм. Энэ талаар  Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтсийн мэргэжилтэн Ц.Жаргалнэмэхээс тодрууллаа.
-Уул уурхайн компаниудад байгаль орчны экологийн хохирол тооцох аргачлалыг саяхнаас боловсруулсан юм байна. Өмнө нь ийм аргачлал байгаагүй юм уу. Компаниуд нөхөн сэргээлтийг тааруу хийдэг байсан нь аргачлал гаргаагүйтэй холбоотой юу?

-Экологийн хохирол тооцох  аргачлал цаг хугацааны хувьд оройтож  гарч байгаа ч маш их ач холбогдолтой, цаг үеэ олсон аргачлал болсон. Аргачлал байгаагүйгээс компаниуд нөхөн сэргээлтийн ажилд хойрго ханддаг байсан гэж дүгнэж болохгүй. Байгаль орчны экологийн хохирол тооцох аргачлал нь нөхөн сэргээлт хийх ажлыг улам тодорхой болгож өгсөн. Нөхөн сэргээлтийн ажил гэдэг асар их цаг хугацаа шаардлагатай байдаг. Үүнийг мэддэггүй хүмүүст  буруу ойлголт төрөх нь бий. Нөхөн сэргээлтийн ажлыг сайн хийж байсан компаниуд олон байдаг.  “Монполимет” ХХК, “Шар нарст” ХХК, “Багануур” ХК, “Монгол газар” ХХК, “Монголросцветмет” нэгдэл  зэрэг аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийн ажлаа цаг хугацаанд сайн хийж гүйцэтгэж байна. Жил бүр “Тэргүүний нөхөн сэргээгч байгууллага” болон мэргэжилтнийг шалгаруулдаг. Өнгөрсөн онд нөхөн сэргээлт сайн хийсэн тэргүүний аж ахуйн нэгжээр “Багануур” ХК, байгаль орчноо хайрлан дээдлэгч ажилтнаар “Монголросцветмет” нэгдлийн Өргөний уурхайн дарга н.Батсайхан, Монгол газар ХХК-ийн байгаль орчны ажилтан Э. Мөнгөнтуяа нарыг шалгаруулан урамшуулсан.

-Нөхөн сэргээлтийг техникийн, биологийн гэж ангилдаг. Ялгаа нь юундаа байна вэ?

-Эвдэрсэн газрыг нийтийн хэрэгцээнд тодорхой зориулалтаар ашиглахад бэлтгэх, хэлбэршүүлэх нөхөн сэргээлтийн анхан шатны ажлыг техникийн нөхөн сэргээлт гэнэ.  Техникийн нөхөн сэргээлт хийсэн газарт хөрсний үржил шимийг сэргээх, ургамалжуулах зорилготой хийх агротехник, фитомелиорацийн ажлыг биологийн нөхөн сэргээлт гэж ойлгож болно.

-Уул уурхайн олборлолт хийсэн талбайн 59 хувь нь нөхөн сэргээлт хийгээгүй гэж зарим мэргэжилтнүүд мэдээлж байсан. Үнэхээр тийм байгаа юу?

-Монгол улсын хэмжээнд уул уурхайн олборлолтоос болон бусад үйл ажиллагаанаас эвдрэлд орж орхигдсон газрын тооллогыг өнгөрсөн оноос хийж эхэлсэн. Эхний ээлжинд Хэнтий, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймгийн хэмжээнд тооллого явуулсан. Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа аж ахуйн нэгжүүдийг нөхөн сэргээлт хийгдээгүй талбайн судалгааны ажил тогтмол хийгдэж байгаа. Улсын үйлдвэрийн газрын үед эвдрэлд орсон талбай 2425,8 га, уул уурхайн хайгуул, олборлолтын  явцад эвдрэлд орсон талбай 11799,5 га байна гэсэн тоо баримт байдаг. Үүнээс техникийн нөхөн сэргээлт 6089,2 га-д, биологийн нөхөн сэргээлт 3321,02 га-д хийсэн байна.

– Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудад ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцдог вэ?

-Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрх, хайх, ашиглах үйл ажилгаанд тавих улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хариуцдаг.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж