
Дархан-Уул аймаг орох замд буюу “Урьхан” зоогийн газрын ойролцоо энэ сарын 8-ны орой зам тээврийн осол гарч, нэг хүн газар дээрээ нас барсан талаар бид мэдээлсэн. Талийгаачийг ажлаа хийж явсан замын цагдаа байсан гэх мэдээлэл гарсан юм. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодруулахад “Осолд орж нас барсан хүн цагдаагийн алба хаагч гэдэг ташаа мэдээлэл. Талийгаач Төв аймгийн Жаргалант сумын харьяат энгий иргэн байсан. Тухайн үед халамцуу явж байгаад дайруулсан юм билээ” гэх хариулт өглөө. Ослыг 93-99 ТӨА улсын дугаартай автомашины жолооч гаргаад цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй ослын газраас зугсан байна. Улмаар хэргийн ул мөрөө баллахын тулд машинаа засварт өгөхөөр чирч явах үед нь цагдаагийнхан саатуулжээ. Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
С.Отгон