
Никарагуагийн нийслэл Манагуа хотын “Plaza Maya” төв талбайд өчигдөр болж өнгөрсөн Валентины баяраар нэг дор 550 хос хуримаа хийсэн тухай Associated Press мэдээлжээ. Олон нийтийг хамарсан өргөн хэмжээний хуримын ёслолыг Засгийн газраас тус улсын радио, телевизүүдтэй хамтран зохион байгуулсан бөгөөд сүйт бүсгүйчүүд цагаан даашинзаар гангарч, гартаа цэцгийн баглаа барьсан байсан бол сүйт залуус хослолоор жигдэрсэн байсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Никарагуад ийнхүү олныг хамарсан хуримын ёслолыг зохион байгуулах болсон нь ихэнхи хосууд хувийн гэрлэх ёслол хийх мөнгө, санхүү байдаггүйгээс улбаатай аж.
Харин Өмнөд Америкийн баруун хэсэгт орших Перу улсын Лимад өчигдөр далайн эрэг дээр нэг дор 24 хос хуримын ёслолоо хийсэн байна. Энэхүү хуримын ёслолд оролцсон сүйт бүсгүйчүүд цагаан даашинз өмсөж, цэцгэн хэлхээ зүүсэн байсан бөгөөд хослолоор гангарсан сүйт залуус дээрээ завиар аялан ирцгээжээ. Түүнчлэн хуримын ёслолыг хотын дарга Жон Баррера удирдан явуулж, хосуудын гэр бүл болсныг гэрчилсэн байна.
Б.АНХТУЯА