
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны авто зам, гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг энэ жилдээ эхлүүлэх юм байна. Үүнд, 0.9 км авто замыг шинэчилж, 60 у/м гүүрийг өргөтгөж, борооны ус зайлуулах шугам шинээр хийх бөгөөд энэхүү ажилд нийтдээ 39 сая юаны хөрөнгө оруулалт хийгджээ. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Баруун дөрвөн зам дээр олон төвшний огтлолцол шинээр барих ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд дөрвөн км авто зам, мянган метр урттай гүүрэн байгууламж, борооны ус зайлуулах шугам зэргийг шинээр барих юм байна.
Харин Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд БЗД 26-р хороо, Нарны зам, Баянмонгол хорооллыг холбосон 0.2 км авто зам, автомашины нүхэн гарцын хамт шинээр барих бол, Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж байгаа Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто зам, 120 метр урт гүүр шинээр барих юм байна. Мөн Хөгжлийн банкны санхүүжилтээр Ажилчны гудамж, Дунд голын доод гүүрийг шинэчлэх, хос гүүр болгож шинээр 35 урт метр гүүрийг барих юм байна.
Удирдлагын зөвлөлийн гишүүд хотын авто зам, замын байгууламжийг өргөтгөж шинэчлэх, засварлах үед шугам сүлжээтэй холбоотой хүндрэлүүд маш ихээр гардаг. Тухайлбал зам засаж дууссаны дараа дулааны ч юм уу, цахилгааны шугам сүлжээнд гэмтэл гарлаа, шинэчлэх гэж байна гэх мэтээр зассан замыг эргэж хуулах, гэмтээх тохиолдол түгээмэл байдаг. Энэ хариуцлагагүй байдлыг халахын тулд эхнээсээ маш нарийн төлөвлөгөө, график гарган ажиллах хэрэгтэй гэсэн саналуудыг хэллээ.
НИТХ-ын дарга Д.Баттулга “Зам засварын ажлыг хугацаанд нь эхлүүлж төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх нь чухал. Зам засварын ажил хугацаандаа дуусаагүйгээс болж дараа дараагийн ажил эхлэхэд хүндрэл үүсдэг. Энэ нөхцөл байдал нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж, иргэдийг бухимдуулдаг. Тиймээс сонгон шалгаруулалтаа яаравчлан эхлүүлж, засварын ажлыг хугацаанд нь дуусгах тал дээр онцгойлон анхаарч ажиллах ёстой” гэдгийг холбогдох албан тушаалтнуудад санууллаа. Харин замын ажил удааширдаг байдлыг нийслэлийн Авто замын газраас тайлбарлахдаа”Зам засвар, арчлалт шинэчлэлтийн зураг төсөл боловсруулах үед шугам сүлжээний байгууллагууд техникийн нөхцлийг гаргаж өгдөг боловч хугацаа нь зургаан сар хүртэл буюу маш удаан байгаа учраас зам засвар барилгын ажлын явцыг удаашруулдаг. Мөн шугам сүлжээний байгууллагууд техникийн нөхцөл өгөөд тэрнийх нь дагуу ажлын зураг боловсруулаад ирэхээр дахин өөрчилдөг. Зарим тохиолдолд өгсөн техникийн нөхцлөө гурван ч удаа өөрчлөх үе бий. Энэ нь хугацаа их алдуулдаг” гэсэн юм.
Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, өнөөдөр танилцуулж байгаа 45 зам засварын ажлын замын трасст орж байгаа инжнерийн шугам сүлжээ, инженерийн байгууламжийн мэдээллийн санг нэгтгэн баяжуулж, удирдлагын зөвлөлийн гишүүдэд дахин танилцуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тэрээр “Цаашид зөвхөн авто зам, замын барилгын ажлыг хотын авто зам биш хотын гудамж гэж ойлгох шаардлагатай. Хотын гудамжинд авто зам, явган зам, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээнүүд, хөдөлгөөн зохион байгуулалтын элементүүд, зогсоол, орц гарц зэрэг хотын иргэдийн амьдралд хэрэг болж буй бүх л байгууламжууд бий. Иймд аливаа төслийг тухайн байгууламжуудыг хариуцагч бүх байгууллагууд хамтран хэрэгжүүлэх шаардлага байна” гэдгийг ч сануулав.