Төсвийн байнгын хороо 58 асуудал хэлэлцжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.15-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хороо 58 асуудал хэлэлцжээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавилаа.

Тус байнгын хороо нь намрын чуулганы хугацаанд дунджаар 63 хувийн ирцтэйгээр 17 удаа хуралдаж давхардсан тоогоор 58 асуудал хэлэлцсэнээс 42 нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл аж. Хэлэлцүүлэгт орсон чухал төслүүдийг нэрлэвэл Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төсөл юм байна. УИХ-аас эдгээр хуулийн төслийг баталснаар МонголУлсын 2013 оны нэгдсэн төсвийн нийт орлого 7.088.3 тэрбум төгрөг бол нэгдсэн төсвийн нийт зарлага өргөн барьсан төслөөс 4.6 тэрбум төгрөгөөр буурч 7.444.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2 хувьтай тэнцсэн нь Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хууль болон төсвийн шаардлагуудыг хангасан гэж байнгын хорооны дарга мэдэгдлээ.

Мөн УИХ-ын намрын чуулганаар Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталснаар 0-18 насны хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөг олгохоор тогтож 999.8 мянган хүүхэд хамрагдах боломжтой болжээ. Түүнчлэн УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг батлуулснаар татвар төлөгчид мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авах, эрх зүйн шинэ орчин бий болж татвар төлөгчид учирдаг татварын эрсдэл багасч хууль тогтоомжийн дагуу татвараа өөрөө тодорхойлж улс орны төсөв санхүүгийн байдалд эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдсэн байна.

Түүнчлэн Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалын татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар бизнес эрхлэгчдээс гаалийн мэдүүлгийн хамт бүрдүүлэх 10 төрлийн бичиг баримтыг зургаагаар бууруулж дөрвөн төрлийн бичиг баримтыг гаалийн мэдүүлгийн хамт өгч байхаар хуульчилж өгснөөр хүнд суртлыг багасгасан юм байна.

Мөн тус байнгын хороо нь Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират улс, Нидерландын Вант улс, Люксембургийн Вант улс, Кувейт улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх дээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой хамтран хэлэлцэж санал дүгнэлт гаргажээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж