
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Бизнесийн удирдлагын маркетингийн “МСМ” сургалт судалгааны төв жил бүрийн энэ өдөр маркетингийн өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлал тогтоод даруй арван жил болжээ. Энэ жилийн маркетингийн өдөрлөгийг “Info media marketing” сэдвийн дор чуулга уулзалт зохион байгуулан тэмдэглэж байна. Чуулга уулзалтаар оюутнууд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хэрхэн хүргэх вэ гэсэн асуултад гарц олохоор нэг танхимд цугларч, нэг ширээний ард суун хэлэлцэж байна. Чуулга уулзалтын хэлэлцүүлэг дэлхий дахинд Монголын компани, монгол брэнд бүтээгдэхүүнийг хэрхэн сурталчлах вэ, төрөөс үзүүлж буй нийгмийн халамжид яаж нөлөөлөх вэ зэрэг үндсэн таван илтгэлийн хүрээнд болж байна. “Рокмон бюлдинг”-ийн наймдугаар давхарт өрнөж буй уг хэлэлцүүлэгт “Эх-Орчлон”, Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон “Их засаг” сургуулийн III-IV дамжааны 80-аад оюутан оюун ухаан, мэдлэг боловсролоо дайчлан оролцож байна.
Оюутнууд чуулга уулзалтаас гарсан үр дүнгээ эмхэтгэн хууль тогтоогчдод өргөн барих гэнэ. Гар урлал, жижиг дунд үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хүргэх асуудалд ямар зохицуулалт хийх шаардлагатай байгаа тухай өөрсдийн саналаа хүргэх аж.
Б.СҮРЭН