
Мүүний шашинд итгэгч 200 шахам монгол иргэн хоёрдугаар сарын 22-нд нэг дор цуглан амиа хорлохоор бэлтгэх болжээ гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн байна. Харин энэхүү мэдээллийг мүүний шашны урсгалыг дэлгэрүүлэгчид эрс няцаалаа. Тус шашныхан “Энэ бол үндэслэлгүй мэдээлэл. Манай шашны урсгалыг буруугаар ойлгодог хүмүүс ийм явуургүй явуулга явуулсан байхыг үгүйсгэхгүй. Бидний хувьд нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулахыг эрхэм зорилгоо болгодог. Жил бүрийн улсын баяр наадмаар “Цэвэр цэмцгэр Монгол наадам” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлал тогтоосны зэрэгцээ авто замын гарц бүр дээр цэнхэр хантаазтай зохицуулагч нарыг гаргах санаачлагыг манай байгууллагаас санаачлан ажил хэрэг болгосон. Тиймээс дээрх мэдээлэл бол ташаа мэдээлэл гэж ойлговол зохино. Мүүнийчуудын хувьд энх тайван амьдралыг цогцлоох нь үндсэн зорилго. Амиа хорлох зэрэг ёс бус үйлдлийг хэзээ ч өдөөж дэмжиж байгаагүй. Тиймээс монгол түмэн амар тайван байж болно” гэлээ.
Харин зарим мэдээллээр бол дээрх цуурхал нь Мүүний шашныг үндэслэгч Сан Мён Мүүны нас барсантай холбоотойгоор гарсан байж болзошгүй аж. Гэхдээ тус шашныг үндэслэгч нь өнгөрсөн оны есдүгээр сард таалал төгссөн юм байна.
Г.ДАРЬ