Гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ











Цагдаагийн Ерөнхий газраас энэ оны эхний гурван сарын дүн
мэдээг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга
Т.Сайнжаргал, ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвийн дарга, хурандаа Ж.Бумнанжид,
ХЗДХЯ-ны  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлын зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Нямдаваа нар гэмт хэргийн талаар
дэлгэрэнгүй мэдээлэл  хийсэн юм. Энэ оны
эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 5091 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны
мөн үеийнхээс 420 хэргээр буюу есөн хувиар өсчээ. Сэлэнгэ,
Дундговь, Говь-Алтай, Төв, Баянхонгор, Сүхбаатар, Орхон аймаг, нийслэлийн
Баянгол, Багануур, Багахангай дүүргүүдэд гэмт хэргийн гаралт 0.6-66.7 хувиар буурсан бол Хэнтий,
Булган, Говьсүмбэр, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Дорнод, Увс, Дархан-Уул зэрэг
аймагт 5.7-47.7 хувиар, нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх,
Сүхбаатар, Чингэлтэй, Налайх дүүрэгт 22-46 хувиар өссөн байна. Бүртгэгдсэн нийт
хэргийн хамгийн өндөр хувийг буюу 48.6 хувийг хүндэвтэр төрлийн гэмт хэрэг эзэлж
байгаа бол онц хүнд гэмт хэрэг 2.2 хувийг эзэлжээ. Харин илрүүлэлт өнгөрсөн
оныхоос нэмэгдсэн болохыг онцолж байлаа. Өнгөрсөн гурван сарын хугацаанд хүн
худалдаалах хоёр, хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэг тав
бүртгэгдсэн аж. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэх
мэдээллийг өглөө.
Улсын хэмжээнд хоногт дунджаар 56, нийслэлд 32 гэмт хэрэг
бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас хоногт дөрвөн хүн нас барж, 21 хүн гэмтэж
байгаа гэх судалгаа ч гарсан байна. Түүнчлэн 15 хүн тутмаас нэг хүн нас барж,
гурван гэмт хэрэг  тутмаас нэг хүн
гэмтэж, нэг гэмт хэрэгт 1.5 сая төгрөгийн хохирол ногдож байгаа талаар
мэдээллээ. Цаашид гэмт хэргийг тогтвортой бууруулах, урьдчилан сэргийлэх
чиглэлээр “Цагдаа олон нийтийн хамтын ажиллагаа”-г хөтөлбөрийг хэрэгжүүлж
ажиллах болсноо мэдээллийн төгсгөлд дуулгав.

С.Отгон

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж