Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Хамгийн гэгээн төрх

Үндэсний цэцэрлэгт хүрээ­лэнгийн шинэ дүр төрх энэ хаврын хамгийн том сюрприз байх нь. Гаднаас нь харахад нэг л өөр, шинэлэг байдал, донж маяг анзаарагдаж байна. Энэ нь эмэгтэй хүний нүд, сэтгэл шингэснийх ч байж болох юм. Хүүхэд, залуусын очих дуртай энэ газар хамгийн гэгээн бүхнийг шингээсэн байх учиртай. Харин түүнийг хүссэнээрээ бүтээн байгуулна гэдэг хэн бүхэнд хүсээд олдохгүй тавилан. Тэгвэл хамгийн гэгээн төрхийг бий болгох эрхэм үүргийг хүлээсэн тэр азтай эмэгтэй бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга  Батсүхийн Саранчимэг юм. Түүнийг УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа НИТХ-д нэр дэвшсэн тэр үеэс олон нийт илүүтэй таних болсон. Донжтой эрхэмсэг дүр төрх, нүнжигтэй гоёл чимэглэл нь нүд булаахын сацуу “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн эгч гэсэн тодотгол ч бас дагаж байсан санагдана. Ямартай ч Монголд төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох цэцэрлэгт хүрээлэн байгуулах нүсэр ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн гол нь зөв эхлүүлж, голыг нь нугалж буй тэрбээр боловсрол өндөртэйгээрээ олны анхаарлыг татаж зиндаархдаг. Б.Саранчимэг Дундговийн 10 жилийн дунд сургуулийг алтан медаль, ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургуулийг улаан дипломтой төгссөн. Энэ нь түүний бахархах зүйлийн нэгээхэн хэсэг байх. Энд дурдахгүй  өнгөрч боломгүй нэг мэдээ бол Б.Саранчимэг Шатрын олон улсын хэмжээний мастер. Тэрбээр УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаад АНУ-ын Хавайн Номхон далайн их сургуульд суралцаж, амжилттай төгсчээ.  Дипломын цаана ямархан чадвар нуугдаж байсныг нь УИХ-ын Тамгын газарт компьютер сүлжээний админстратороор ажил­лаж, УИХ-ын анхны вэб хуу­дас, дотоод сүлжээг хийж, АНУ-ын “Rich Man” компанид мэргэжилтэн, “Шинэ зууны Улаан­баатар” эрдэм шинжилгээний тө­вийн тэргүүнээр ажиллаж байсан он жилүүд, ажлын үр дүн нь тодхон харуулдаг. Нийслэлийн парламентад ажиллахын зэрэгцээ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын эхлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй,  зөв тавьж, хойч үедээ хэрэгтэй, урт удаан хугацааны төслийг гардан хийж буй. Энэ нь түүний ажлын шинэ үзүүлэлт болж, Ардын намын лидер бүсгүйчүүдийн тоог нэмж байгааг айсуй цаг батлан харуулах болов уу.  Ажлыг нэг эхэлбэл сэтгэлээсээ зүтгэдэг түүнд энэ ажлыг даатгасан нь нүдээ олсон хэрэг ч байж болох юм.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж