Адууны махны хэрэг Германд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

Адууны махны хэрэг Германд хүрлээ

Европын холбоонд мандсан махны дуулиан Германд гарчээ. Хойд Рейн-Вестфалид адууны махыг үхрийн мах гэж зарсан сэжиг гарлаа хэмээн энэ лхагва гаригт Reuters мэдээлсэн байв.

Одоогоор нэгэн худалдагчийг шалгаж байгаа ба хуурамч бүтээгдэхүүн өөр цэгүүдэд зарагдсан байх болох магадлалтай гэж  ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах яамны төлөөлөгч эмэгтэй хэлсэн байв. Шалгагчид сэжигтэй бүтээгдэхүүнийг шалган сэжиг бүхий барааг худалдаанаас хураах болно гэж тэр хэлжээ.

Үхрийн махыг адууны махаар орлуулсан анхны тохиолдол Ирландад гарсан юм. Тийм махаар гамбургер, лазанья хийгээд хөлдөөсөн байжээ. Сүүлийн үед энэ дуулиан улам бүр газар авч байна. Европын орнуудад “Tesco” супермаркетийн сүлжээ мөн хурдан үйлчилгээний Burger King хоолны сүлжээний борлуулдаг бүтээгдэхүүн сэжиг үүсгээд байгаа. Адууны мах худалдахыг хориглосон Их Британид энэ дуулиан ихээхэн шуугиан дэгдээж байна.

"Хэрэглэгчдийг хуурсан бүдүүлэг тохиолдол"

ХБНГУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах яамны сайд Ильзе Айгнер (Ilse Aigner) уг дуулианыг “хэрэглэгчдийг хуурсан бүдүүлэг тохиолдол” гэж нэрлэв. Мөрдөгдөж буй дүрэм горимын дагуу бүтээгдэхүүн бүрийн савалгаанд түүний бүтцийг бичсэн байх ёстойг сайд сануулжээ. Хуурамч бүтээгдэхүүн Германд орж очсон байх талаар Люксембургээс мэдээлсэн гэж сайд хэллээ. Үүний зэрэгцээ худалдаанд гарсан адууны мах нь аюулгүй бүтээгдэхүүн гэж сайд худалдан авагчдыг тайвшруулах гэлээ. Германд бол адууны мах байнга зарагддаг. Гэхдээ нядалгааны зөвшөөрлийн дагуу хийгдсэн ямар мах гэдгийг бүтээгдэхүүнд зааж өгсөн байх ёстой гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж