“Илдэн дээр гүйгч” найз бүсгүйгээ бууджээ

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

“Илдэн дээр гүйгч” найз бүсгүйгээ бууджээ

Паралимпийн
аварга, Өмнөд Африкийн гүйгч Оскар Писториус Претория дахь гэртээ найз
бүсгүйгээ буудаж, хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж баривчлагдсан тухай тус
улсын хэвлэлүүд мэдээлж байна. Цагдаа нарын мэдээлэлд сэжигтний нэрийг
дурдаагүй бөгөөд 26 настай эрэгтэйг баривчилсан, хүн амины хэргийг
мөрдөн шалгаж буй тухай дурджээ. Хэргийн талаарх тодорхой мэдээлэл
одоогоор байхгүй байгаа аж. Писториус найз бүсгүйгээ хулгайчтай андуурч
буудсан байж магадгүй гэх мэдээллийг зарим нэг эх сурвалж дамжуулж
байна.

“Илдэн дээр гүйгч” хэмээн алдаршсан Писториус хоёр хөлгүй
хэдий ч эрүүл саруул хүмүүсийн хамт зуны олимпийн наадамд өрсөлдсөн
түүхэн дэх анхны тохиолдлын эзэн билээ.

Өмнөд Африкийн үндэсний
баатрын хэмжээнд үнэлэгдэх Писториус найз бүсгүйгээ буудаж хөнөөсөн гэх
хэрэг орон нутгийн цагаар үүрээр 04-05.00 цагийн хооронд гарсан байна.
Цагдаа нарын мэдээллээр 30 настай эмэгтэй пүрэв гаригийн өглөө нийслэл
Йоханнесбург хотын Бошкоп дүүрэгт орших Силверлейкс гэх цогцолборт орших
гэртээ буудуулж, амиа алдсан байдалтай олдсон гэжээ. Тэр бүсгүй толгой
болон цээжин тус газраа буудуулсан байсан гэнэ. Цагдаа нарыг хэргийн
газарт очиход түргэн тусламжийнхан ирсэн байсан боловч бүсгүй хэдийнэ
амьсгал хураасан байжээ. Түүнийг 9 мм-ийн гар буугаар хөнөөсөн болохыг
тогтоосон байна.

Өмнөд Африк нь гэмт хэргийн гаралтаар дэлхийд
дээгүүрт бичигддэг бөгөөд бараг иргэн бүр нь өөрсдийгөө хамгаалах
зорилгоор галт зэвсэг эзэмшдэг байна.
Писториусын хувьд төрөлхийн
хөлний тахилзуур ясгүй бөгөөд хиймэл, туялзуур хөлтэй юм. Хэдий хөгжлийн
бэрхшээлтэй ч тэрбээр Лондонгийн олимпийн наадамд хөнгөн атлетикийн 400
метрийн гүйлтэд өрсөлдөж, хагас шигшээд шалгарсан билээ. Харин
паралимпийн наадамд тэрбээр Т44 ангилалд 200 метр мөнгө, 4х100 метрийн
буухиа гүйлтийн төрөлд алтан медаль хүртсэнээс гадна 400 метрт түрүүлж,
паралимпийн рекордыг эвдсэн юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж