Сөүл далавчит пуужингаар Пхеньяныг сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

Сөүл далавчит пуужингаар Пхеньяныг сүрдүүлэв

БНАСАУ-ын нутаг дэвсгэр дэх ямар ч байдалд цохилт өгөх чадвартай өөрийн үйлдвэрийн далавчит пуужинг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний зэвсэглэлд авлаа гэж Өмнөд Солонгосын Ренхап агентлаг мэдээлэв.

Далавчит пуужингуудыг Хойд Солонгосын эрэг орчмоор эргүүл хийх Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн  хөлөг онгоцнуудад байрлуулсан байна. Эдгээр пуужингуудаар Пхеньяны баллистик пуужингуудын бааз, цөмийн байгууламжуудыг онилсон байна.

Өмнөд Солонгосын Засгийн газар баллистик пуужинг замд нь барих орчин үеийн систем бий болгохоор ажиллаж байна. Уг систем нь хойд хөршийн зүгээс гарах аюулыг зайлуулах үүрэгтэй. Энэ системд пуужингийн цохилтыг мэдээлэх хиймэл дагуулууд болон угтуулан сөнөөх үүрэг бүхий сөнөөгч онгоцнууд орох гэнэ. Үүний зэрэгцээ Сөүл дунд тусгалын баллистик пуужин бүтээх ажиллагаагаа эрчимжүүлж байна. Шинэчлэгдсэний дараа дунд тусгалын пуужингууд нь өнөөгийн 300 км-ийн зайн тусгалаа 800 км хүртэл нэмэгдүүлэх юм хэмээн “The Australian” хэвлэлд өгүүлжээ.

Өнгөрсөн оны сүүлчээр хөөргөсөн Хойд Солонгосын баллистик пуужин, саяхан туршсан 10 киолотонн хүртэл хүчин чадалтай цөмийн цэнэгийн туршилтын хариу болон эдгээр арга хэмжээг Сөүл авч байна. Пхеньяны мэдээлснээр, “Өндөр хүчин чадалтай авсаархан цөмийн төхөөрөмжийн” туршилт амжилттай болжээ.

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин өргөн цар хүрээтэй хээрийн сургуулийг энэ сарын 14,15-ны өдрүүдэд явуулж байна. Тэнгисийн цэргийнхэн нь Шар болон Японы тэнгист Пхеньяны зүгээс гарч магадгүй өдөөн хатгалагтай тэмцэх ажиллагаанд бэлтгэж байна.

Хоёр Солонгос өнөөг хүртэл албан ёсоор байлдааны байдалд байгаа. Хэдийгээр сөргөлдөөний оргил үе нь 1953 онд төгссөн ч хоёр орон өдиийг хүртэл бие биендээ заналхийн зэр зэвсгээр хөөцөлдсөөр иржээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж