
Монгол залуу хүний дундаж үзүүлэлтийг анх удаа гаргалаа
-НАМЗХ 21 аймаг, есөн дүүргийн 37852 залуусыг хамруулсан судалгаа хийсэн гэсэн. Монголд анх удаа “3Р” олон улсын аргачлалаар хийсэн гэгдээд байгаа энэ судалгааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулаач. Өмнө нь 30 мянган хүнийг, тэр тусмаа залуучуудыг тусгайлан хамруулж ийм судалгаа хийж байгаагүй санагдана?
-Шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр ажилласнаас хойш бидний эхлүүлсэн анхны ажил бол “3Р” аргачлалын судалгаа байлаа. Үндсэндээ таван сарын хугацаанд энэхүү судалгааг орон даяар зохион байгууллаа. Олон улсын төвшинд түгээмэл ашиглагддаг арга боловч Монголд “3Р” аргачлалаар хийгдсэн анхны судалгаа юм. “3Р” гэдэг бол төр засаг, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага бүр өөр өөрийн өнцгөөс асуудлыг хэрхэн харж байгааг судалж, давхцлыг тодорхойлдог онцлогтой судалгааны аргачлал л даа. Мөн юуг шийдэх гэхээс илүү, яаж шийдэх аргачлалд анхаардгаараа ач холбогдол нь өндөр. Судалгаа шинжилгээний MMCG групп, Англи, Германы судалгааны институттэй хамтарсан баг судалгаан дээр ажилласан. Судалгааг 13 аргачлалаар 37 мянган орчим залуусын дунд хийсэн.
Өмнөх судалгаанууд их ерөнхий хийгдсэн байдаг юм билээ. Харин энэ судалгааг хувь хүмүүс рүү түлхүү хандсан, нарийвчилсан аргачлалтайгаар явуулсан. Жишээлбэл, судалгаанд хамгийн их оролцсон хүмүүсийн нэрсийг гаргахад Анхаа гэдэг нэртэй залуус хамгийн олон буюу 1413 гаруй байсан. Харин бүсгүйчүүдээс Хулан гэдэг нэртэй нь хамгийн олон 1128 байлаа. Судалгаанд хамрагдсан залуусын биеийн өндөр, жин, нас, зан чанарын онцлог, нийгмийн оролцоо, хувийн өмч гээд олон асуудлыг судалгааны анкетад дэлгэрэнгүй хөндөж, зургаар илэрхийлдэг юм билээ. Тэднээс хэд нь гэр хороололд, орон сууцанд амьдарч байна, хэд нь гар утастай, компьютертэй, хэд нь yahoo хаягтай байна гээд энгийн хэрнээ өндөр нарийвчлалтай судалгааны дүн гарсан. Тэгээд үүнээсээ Анхаа, Хулан нарт ямар асуудал хамгийн их тулгамдаж буйг гаргаж ирсэн. Үүнийгээ дэлхийн залуучуудын нийтлэг дундажтай жишээлбэл, Англи, Герман, Швед, ОХУ-ын, БНХАУ залуучуудтай харьцуулж, давуу, сул талыг харуулж, зөвлөмж өгсөн. Энэ судалгаанд тулгуурлаж Анхаа, Хуланд тулгамдаж буй 10 асуудлыг гаргаж, хэрхэн шийдэх аргачлал, төслийг боловсруулан ажиллаж байна.
-Анхаа, Хулан нэртэй залуусыг онцолсон нь ямар учиртай юм бэ. Тулгамдаж байгаа асуудлыг гаргаж ирэхэд өндөр, нам нь тийм чухал гэж үү?
-Монгол залуу хүний дундаж юм л даа. Судалгааны мэргэжилтнүүд 37 мянган залуучуудын саналыг нэг хүн гэж бодож, төлөвлөгөө гаргаж чадвал үйл ажиллагаа шийдэл нь өөрөө энгийн хүртээмжтэй болно гэж тайлбарлаж байсан. Ер нь бид эсвэл нэг уриа дэвшүүлсэн, үгүй бол хэт ерөнхий зүйл ярьсан ажлын арга барилтай болчихжээ. Одоо ерөнхийгөөс тодорхой руу, лоозонгоос бодит ажил руу орох цаг болсон. Тиймээс бид Анхаа, Хуланд тулгамдаж буй асуудлыг бага гэлтгүй шийдэхийг эрмэлзэнэ. Энэ нь өөрөө Монгол залуучуудын төлөө хийж буй үр дүнтэй ажил болно гэж төлөвлөж байна. Ер нь бодит үр дүн л чухал байна шүү дээ.
-Та олон улсын байгууллагад олон жил ажилласан. Тиймээс энэ туршлага тань ийм аргачлалаар анх удаа судалгаа хийхэд нөлөөлсөн үү?
-Ер нь судалгаа их чухал. Эмчилгээ хийхийн тулд эхлээд зөв оношлохгүй бол болохгүй биз дээ. Хэнтийд, Өвөрхангайд, Сонинохайрхан дүүрэгт, Азийн зарим орнуудад ажиллаж байсан нь ийм судалгаа хийх нь зүйтэй гэдэг бодол төрөхөд минь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Судалгаа бол маш нарийн асуудал. Цэвэр мэргэжлийн байгууллагын л хийх ёстой зүйл..
Хүн амын 66.8 хувийг эзэлж буй залуучуудын 67,3 хувь нь гэр хороолол, орон нутагт амьдардаг
-Судалгааны хамгийн тулгамдсан мөн сонирхолтой үр дүнгээс нь танилцуулахгүй юу?
-Судалгааны үр дүнгээр залуучуудын өмнө зайлшгүй шийдвэрлэх ёстой хэд хэдэн асуудал байна. Жишээлбэл, Монголын нийт залуучуудын 66,8 хувийг 35 хүртэлх залуучууд эзэлж байна. Тэгэхээр хүн амын бараг 70 орчим хувийг 16-35 хүртэлх насны залуучууд эзэлж байна гэсэн үг. Гэтэл залуучууд уруу хандсан цогц бодлого өнөөдөр үгүйлэгдэж байна. Залуучууд өнөөдөр хэнд хандах нь тодорхойгүй байна. Хорооныхоо Засаг даргад хандах юм уу, эсвэл дүүргийн Засаг даргын тамгын газарт очих уу. Хорооны засаг дарга дээр очихоор энд шийдэгдэхгүй юм байна гээд дүүрэг рүү явуулна. Гэтэл 250.000 хүн амтай дүүрэгт хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан нэг л мэргэжилтэн Нийгмийн хэлтэст нь ажилладаг. Тэгэхээр яах вэ, залуучууд хаана, хэнд хандах вэ.
Хүүхэд, залуучуудын асуудал уг нь огт өөр, хоёр асуудал. Хүүхэд бол цэцэрлэг, сургуульд явдаг, зусланд амардаг, вакцин хийлгэдэг. Харин залуучуудад тулгамдаж буй асуудал үүнээс тэнгэр газар шиг өөр шүү дээ. Залуучуудад өнөөдөр гарааны боломж олгох бодлого хэрэгтэй байна. Ялангуяа орлого, орон сууцны хувьд. Тиймээс залуучуудын асуудал эрхэлсэн яам эсвэл агентлагтай болох асуудал үнэхээр чухал байна. Нийт хүн амын 70 орчим хувь нь залуучууд байгаа мөртлөө өнөөдөр Монголд Залуучуудын төрийн байгууллага гэж алга. Залуучуудад зориулсан нэгдсэн вэбсайт, хэвлэл мэдээлэл ч гэж байхгүй.
Мөн өөр нэг сонирхолтой үр дүн нь дээрх 70 орчим хувийг эзэлж буй залуучуудын 67,3 хувь нь орон нутаг болон нийслэлийн гэр хороололд амьдарч байна. Үүнээс харахад бидний явуулж буй үйл ажиллагаа зөвхөн хотын төв орчимд, тэнд амьдарч буй залуусын хүрээнд, идэвхтэй амьдарч буй хэсэгт л явагдаг байсан байна. Гэтэл гэр хороолол, хөдөө орон нутгийн идэвхгүй тэр орчинд амьдарч байгаа 67,3 хувьд хүрч, хандаж ажилладаг залуучуудын байгууллага байхгүй байгаа нь тулгамдсан асуудлын нэг юм. БЗХӨ тулгамдсан асуудлын нэг гэж ярьдаг мөртлөө өнөөдөр тэр сурталчилгаа байшин хороолол уруу илүү чиглэж байна шүү дээ. Тэгтэл бодит асуудал өөрөө гэр хороолол, орон нутагт л илүү зонхилж байна.
-Орон сууц өнөөдөр манайд хамгийн тулгамдсан асуудлын нэг. Танай судалгаанд хамрагдсан залуучууд энэ талаар ямар санал бодолтой байна.
-Орон сууцтай болно гэдэг залуучуудын хувьд амьдралынх нь бараг төгсгөлд бүтэж магадгүй мөрөөдөл гэдэг байдлаар ярьж байсан. Зээл авья гэхээр барьцааны хөрөнгөгүй, орлого байхгүй. Орлогын талаар бас нэгэн анхаарал татах асуудал хөндөгдсөн. Өнөөдөр залуучуудын олонхи нь түр ажлын байртай байна. Тийм болохоор нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэргүй. Үүнээсээ болоод зээлэнд хамрагдах, эсвэл эмнэлэг руу очиж өөртөө анхаарал тавих ямар ч боломжгүй байна. Залуучуудын дундаж орлого 94-180 мянган төгрөг байна. Энэ орлогоор залуучууд байр авч дийлэхгүй нь ойлгомжтой. Тиймээс түр байр, орон сууц барихыг хамгийн их дэмжсэн. Оюутны ширээнээс, ажлын ширээнд очих хүртэлх завсрын 2-3 жил хамгийн чухал гэж залуучууд үзэж байна. Тиймээс тэгш гарааны боломжийг бүрдүүлэх бодлого хэрэгтэй байгаа юм. Залуучууд бас дандаа асуудал яриагүй. Орон сууцтай яг зэрэгцээд тэд байгаль орчин гол усаа хамгаалах, нөхөн сэргээх талаар санаа зовниж байгаагаа илэрхийлсэн. Манай залуучуудын нийгмийн идэвхи, ухамсар илт сэргэснийг харж, мэдрэх үнэхээр сайхан байсан. Нийслэлийн залуучууд Сэлбэ гол урсаасай гэсэн бол хөдөө орон нутгийнхан хатаж, ширгэсэн гол, горхио хамгаалах, сэргээхийг хүссэн.
Тулгамдаж буй асуудлыг шийдэхийн төлөө хил хязгааргүйгээр хамтран ажиллана
-Монголын нийт хүн амын 70 орчим хувь болсон залуучууд эзэнгүй байгаа нь өнөөдөр үнэхээр анхаарал татахаас аргагүй. Тэдэнд хүрч ажилллах, судалгааныхаа үр дүнг бодит ажил болгох, хаягдсан, эзэнгүй тэр залуучуудын төлөө НАМЗХ тэгээд юу хийх гэж байна?
-Бидний үйл ажиллагаа судалгааны үр дүнд хөтлөгдөх ёстой. Тиймээс гэр хороолол, орон нутгийн залуучуудтай ажиллах дэд хөтөлбөр боловсруулж байна. Энэ зунаас бүх хороо, суманд очиж залуучуудтай уулзана. Тэдэнтэй уулзаж шаардлагатай мэдээлэл сургалт өгч, байнгын холбоотой байх аргачлалыг нэвтрүүлнэ. Филлиппиний их сургууль энэ талаар их туршлагатай юм билээ. Тиймээс бид СО гэдэг аргачлалыг хамт нэвтрүүлэхээр анхааран ажиллаж байна. Олон улсын хэлээр Advocacy байгууллага байна гэж үзэж байгаа. Энэ нь хэдийгээр бид Засгийн газрын төвшинд ажиллах боломжгүй ч шийдвэр гаргагчид, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийн байгууллагад залуучуудын бодит дуу хоолойг хүргэж, өнөөдөр дуугарч чадахгүй байгаа хэн нэгэн залуусын өмнөөс дуугарч, өмгөөлнө гэсэн үг юм.
Бид холбооныхоо зүгээс энэ судалгааны үр дүнд хариу үйлдэл үзүүлэх чиглэлээр таван төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
1. О2 төсөл. Залуучуудыг орлого, орон сууцтай болгоход чиглэсэн.
2. Залуучуудад ээлтэй эрхзүйн орчин төсөл. Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагатай болох, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахад чиглэсэн.
3. Эрүүл амьдрал төсөл. Залуучуудын эрүүл мэнд ялангуяа эрүүл мэндийн боловсрол, эрүүл орчин бүрдүүлэхэд чиглэсэн.
4. Дэлхийн Монгол залуу төсөл. Залуучуудыг гадаадад сурах боломжоор хангах, мэргэжлээ зөв сонгоход чиглэсэн.
5. Ногоон ирээдүй төсөл. Байгаль орчин, гол усаа хайрлан хамгаалахад чиглэсэн. Сэлбэ голыг дахин урсгахад анхаарал хандуулсан.
Мэдээж эдгээр төслүүд бүх зүйлийг шийдэхгүй. Гэхдээ л тулгамдаж буй асуудлыг олон нийтэд хүргэхэд дөхөм болно. Өөр ямар ч асуудлаар, залуучуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө бид хэнтэй ч хил хязгааргүйгээр хамтран ажиллахад бэлэн байна.
-Энэ судалгаагаар өнөөдрийн манай нийгэмд тулгамдаж буй олон чухал асуудлаар залуучууд маань санал бодлоо илэрхийлжээ. Тэгэхээр төр, засгийн анхаарлыг үүнд хандуулах, тулгамдаж буй асуудлуудыг ажил хэрэг болгоход ганц танай холбоо хүч хүрэхгүй байж мэднэ. Залуучуудынхаа төлөө бусад байгууллагуудтай хамтрах уу. Эрх баригч намын дэргэдэх залуучуудын байгууллагын хувьд танай Холбоо энэ судалгаагаа өмчилж, улстөржихгүй биз дээ л гэж асуух гээд байна л даа.
-“3Р" гэдэг маань улс төрийн харьяалал, үзэл баримтлалын ялгаа, аймаг хот, баруун, зүүн гэж хуваагдалгүйгээр залуучууд бүгдээрээ нэгдээд тулгамдаж буй асуудлаа шийдэхийн төлөө хамтдаа явах нь чухал байна. Естой л хорвоо дэлхий уудам хийх ажил их байна. Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудал төр, засгийн ч манай холбооны ч, бусад залуучуудын байгууллагын өмнө ч тулгамдаж буй асуудал. Тиймээс нэгдэж л чадвал бид залуучууддаа туслаж чадна. Нэг ч гэсэн асуудлыг нийлээд шийдэж чадвал энэ цаг үед залуу байгаагийн хэрэг бүтнэ. Яагаад гэвэл залуу нас өөрөө хязгаартай. Харин залуучуудын асуудал хязгааргүй шүү дээ. Тэгээд ч залуучууд руу хандсан зөв үйл ажиллагаа бол өөрөө Монголын ирээдүйд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэсэн үг.