Балбад Tүвд залуу зулын гол болжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

Балбад Tүвд залуу зулын гол болжээ

Балбын нийслэл Катманду хотод орших алдартай “Боудданатх” хийдийн гадна өчигдөр 20 орчим насны залуу өөрийгөө шатаан зулын гол болжээ. Катманду хотын цагдаа нарын мэдээлснээр Tүвд залуу хийдийн ойролцоох ресторанаас гарч ирээд өөрийнхөө дээрээс шатахуун асгаж, галдсан байна. Түвд залуугийн бие бүхэлдээ шатаж, эмнэлэгт хүргэгдээд байгаа бөгөөд цагдаа нар түүнийг хэн болохыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Үүнээс өмнө энэ сарын эхээр Хятадын Сычуань мужид урьд нь лам байж байгаад сахил санаваараа орхисон 37 настай Лувсанг Намгьял гэгч эрэгтэй зулын гол болсноор Хятадын дарангуйлалыг эсэргүүцэн өөрийгөө шатаасан түвдүүдийн тоо 100-д хүрсэн тухай CNN мэдээлээд байна. Хятадын хатуу дарангуйлалын бодлогыг эсэргүүцсэн түвдүүд өнгөрсөн 2009 оноос өөрийгөө шатаан зулын гол болох маягаар дэлхий нийтийн анхаарлыг татахыг оролдож эхэлсэн билээ. Үүний үр дүнд олон улс зулын гол болж буй түвдүүдийн асуудлаар Хятадын Засгийн газартай санал солилцож, шүүмжлэлттэй хандаж эхэлсэн. Гэвч Хятадын Засгийн газраас өөрийгөө шатаан зулын гол болохоор завдагсдыг барьж өгсөн хүмүүст өндөр шан амлаж, тэдэнд хатуу ял шийтгэл оноох маягаар Tүвдүүдийн эсэргүүцлийг дарахыг хичээх болсон байна. Тухайлбал энэ сарын эхээр Хятадын Сычуань мужийн шүүхээс хоёр түвдийг бусдыгаа зулын гол болоход өдөөн хатгаж, албадснаас гурван хүн өөрийгөө шатаан амь үрэгдсэн хэмээн буруутган шүүж, “санаатай алан хядлага үйлдсэн” хэргээр хатуу ял оноосон билээ. Үүний зэрэгцээ Хятадын Засгийн газраас гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг зулын гол болсон Түвдүүдийн талаарх мэдээллийг цацахыг хориглон, хатуу хяналт тавих болсон байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж