Жолооны үнэмлэх ирэх сард хэвлэгдэж дуусна

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

Жолооны үнэмлэх ирэх сард хэвлэгдэж дуусна

Сар шинийн өмнөх байдлаар нийт 39 мянган жолооны үнэмлэх хэвлэсэн тухай Замын цагдаагийн газраас мэдээлж байна. Одоогийн байдлаар өнгөрсөн оны наймдугаар сард жолооны курс төгсч, үнэмлэхээ захиалсан иргэдийнхийг хэвлэж байгаа ажээ. Харин жолооны үнэмлэхний ангилал ахиулах, хаяж, үрэгдүүлсэн зэрэг дахин авах иргэдийн үнэмлэх хэвлэлтээс гарч дууссан байна. Өөрөөр хэлбэл, шинээр жолооч болж, үнэмлэх авч байгаа биш л бол бусад үнэмлэх гарсан байгаа ажээ.

Ийнхүү урьдны хүлээгдэж байгаа үнэмлэхэн дээр шинээр үнэмлэх авах гэсэн, хаяж үрэгдүүлсэн учраас дахин үнэмлэх авах зэрэг хэвлэлтийн захиалгад өдөртөө 400-500 захиалга ирдэг байна. Ямартай ч өдөрт 1200-1300 жолооны үнэмлэхийг хэвлэж байгаа бол үлдсэн, хүлээгдэж буй 30 гаруй мянган үнэмлэхийг гуравдугаар сарын эхээр хэвлэж дуусгах юм байна. Энэ дагуу хүлээлттэй байсан үнэмлэхийг хэвлэж дуусгаад цаашдаа хэвлэлтийн ачааллыг шингээж, иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр ажиллах боломжтой болох ажээ.

Сануулахад, шинэ жолоочийн үнэмлэхээ сургалтын төвөөсөө 12.500 төгрөг төлөөд авах бол, бусад зориулалтаар үнэмлэх авч байгаа бол Замын цагдаагийн газраас очиж авах юм.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж