АНУ-ын Ерөнхийлөгч инаугурацийн ёслолд хэлсэн үгийнхээ үндсэн сэдвийг давтан, зэвсэглэлд тавих хяналтыг чангатгах, цагаачлалын талаарх хууль тогтоомжийг либералчлах, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, баячуудаас авах татварыг нэмэхээр амлав. Бүгд найрамдахчууд Ерөнхийлөгчийн санааг эсэргүүцэж, чөлөөт ажил хэргийн уур амьсгалыг боогдуулж байна гэж үзэж байна.
Ерөнхийлөгч Барак Обама улиран сонгогдсоныхоо дараа “Улс орны байдлын тухай” гэсэн нэртэй үгээ Конгрессийн гишүүдэд хандан хэллээ. Америкийн лидерийн үгэнд түүний инаугурацийн үгнээс шууд иш татсан сэдэв их байлаа. Инаугурацийн үгэндээ тэрээр бүгд найрамдахчуудад хандан улс орноо мухардлаас гаргахын тулд намын ялгаан дээр дөрөөлөхийг болих санааг дэвшүүлсэн байсан бол энэ удаа тэгсэнгүй, харин либерализмын жинхэнэ тунхаглалыг зарлав. Нэр хүнд бүхий портал Politico дүгнэхдээ “Конгресст олонх байгаа бүгд найрамдахчуудыг ялсандаа Обама итгэл төгс байна. Тэрээр буулт хийх сонирхолгүй” гэжээ.
“Улс орны оршин тогтнох суурь хэлэлцээрийг сэргээх нь бидний биелүүлж чадаагүй яваа үүрэг болно. Хэрэв чи үүргээ биелүүлэхээр уйгагүй зүтгэн урагшилж чадах хүсэл зорилгынхоо төлөө байгаа бол чи хаанаас, чиний ямар харагдаж байгаа, хэнд дуртай нь чухал биш” гэж Обама илгээлтийнхээ эхэнд хэлэв.
“Америкийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болсон дунд ангийг сэргээн босгох нь үндсэн үүрэг” гэдгийг Ерөнхийлөгч онцлов. Жижиг, дунд бизнесийн салбарт ажлын шинэ байр бий болгох, мөн одоо 7,9 хувьтай байгаа ажилгүйдлийн төвшинг бууруулах төлөвлөгөөгөө мөн танилцууллаа. Баян чинээлэг хүмүүсийн идэвхтэй ашиглаж байсан татварын цоорхойг бөглөснөөр Обама 800 тэрбум ам.долларыг төсөвт оруулахаар найдаж буйгаа ч хэлэв.
Түүнчлэн төсвийн хэлэлцүүлгийн удааширсан үйлдэлд төгсгөл тавихыг Обама уриалав. Хэрэв улс орны санхүүгийн үндсэн баримт сарын сүүлчээр батлагдахгүй бол төрийн зарлага автоматаар хаагдах юм. “Нийгмийн сонирхол намын сонирхлоос дээгүүр тавигдах ёстой” гэдгийг конгрессменүүд санаж байх ёстой хэмээн Обама онцлов. Америк хууль тогтоогчдоос “ухаалаг тохиролцоог” хүлээж байна хэмээн төрийн тэргүүн мэдэгдлээ.
Ерөнхийлөгчийн үг бүгд найрамдахчуудтай хийж байгаа төсвийн зарцуулга, татвар нэмэх талын маргаантай давхцаж байна. Барак Обамаг индэрт зогсч байх зуур Төлөөлөгчдийн танхимын тэргүүн, бүгд найрамдагч Жон Бонер Обамаагийн хаягаар шүүмжлэлээ гаргаж чадав. Түүний хэлснээр, төрийн тэргүүн “Өмнө нь эдийн засгийг эмчилж, америкчуудыг ажилттай болгож чадаагүй” өнөөх бодлогоо л ярьж байгаа гэнэ. Ерөнхийлөгчид өнөө орой асуудлыг хэрхэн шийдэхээ хэлэх боломж байсныг тэр алдлаа нэж Төлөөлөгчдийн танхимын тэргүүн шүүмжлэв.
Ерөнхийлөгчийн зарим санаа нь Конгресс дэх “агуу ахмад намын” эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй хэмээн Reuters урьдчилаад дүгнэлээ. Цалингийн доод хэмжээг цагт 7,25-аас 9 ам.доллар хүртэл өсгөх санааг нь тойроод маргаан үүсэх бололтой. Бүгд найрамдахчууд тийм арга хэмжээ нь үйлдвэрүүдийн цалинг буулган ажилгүйдэл гаргадаг хэмээн тооцож ирсэн уламжлалтай.
Хэлсэн үгийнхээ нэлээд хэсгийг Обама галт зэвсгийн хяналтад зориулав. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Коннектикут мужийн Ньютаунд 26 сурагч хүүхдийг буудан хөнөөсөн аймшигт хэргээс хойш галт зэвсгийн хяналтын асуудал хурцаар яригпаж байгаа билээ. Олон сумтай автомат буу, зэвсэг худалдан авагчдыг бүгдийг нарийн хянаж, бүртгэлжүүлэх гэсэн санаачилгыг дэмжихийг Обама уриалав. Обамагийн инаугурацийн дараагийн долоо хоногт буудалцааны үеэр амиа алдсан Хадий Пендлтон гэдэг бүсгүйн эцэг, эх танхимд уригдан илгээлтийг сонсч байв. “Хадий бүсгүйн эцэг эх өнөөдөр энэ танхимд буудалцаанаар үр хүүхдээ алдсан арваад эцэг эхийн хамт сууж байна. Тэд санал авах эрхтэй” хэмээн Обама онцлоод, цугларсан олны алга ташилтаар мялаалгав.
Ерөнхийлөгч илгээлтээ уншихдаа тусгай төлөөлөгчдийг урьдаг нь түүний засаг захиргаа ямар чиглэлээр ажиллахыг тодруулж өгсөн, Ерөнхийлөгчийн зүгээс гаргаж байгаа чухал бэлгэдэл юм. Өнгөрсөн хугацаанп Америкийн ахмад дайчид, хүний эрхийн хөдөлгөөний лидерүүд, урлаг соёл, боловсролын гарамгай төлөөлөгчид тэр л танхимд АНУ-ын Ерөнхийлөгч нарын илгээлтийг сонсч байжээ. Харин энэ удаад зочдын суудалд Трейси Хепнер, мөн Америкийн анхны генерал эмэгтэйн нөхөр Тэмми Смит заларчээ. Тэр нь Обамагийн тангараг өргөх ёслол дээрээ хэлсэн сексийн цөөнхийн эрхийг хамгаална гэдэг чиглэлээ барьж буйг харуулж байна.
Ерөнхийлөгч өөрийн төлөвлөгөөнд цагаачлалын хууль журмыг өөрчлөн 11 сая орчим цагаачдын асуудлыг хуульчилж өгөхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тэрээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд өөрчлөлт оруулахаар парламентын намын бүлгүүд хамтран ажиллаж буйг тэмдэглээд Dream Act хуулийг аль болох хурднаар баталж өгөхийг хүсэв. “Алив үүнийг хийцгээе. Надад цагаачлалын нийтэд тохирох шинэчлэлийн хуулийн төслийг ойрын хугацаанд батлаад өг. Би түүнд гарын үсгээ зуръя” гэж Обама даван хэллээ.
Ирэх жилийн эхээр Америкийн цэргийг Афганистанаас гаргах өөрийн санааг Ерөнхийлөгч ярив. Гол аюул занал болсон “Аль-Каида” сөнөсөн ч оронд нь гарч ирсэн хэт даврагчид занал хийж байна. Гэхдээ цэргийн хүчээр тэдэнтэй тэмцэх нь буруу гэв. Харин түүнтэй тэмцэж буй Засгийн газруудад туслах нь зөв гэж тэр онцолжээ. Ойрхи Дорнодын бодлогын талаар тэр ярихдаа ирэх сард Израильд айлчилна гэсэн юм. Оросын талаар ганцхан удаа дуугарсан нь “Бидний цөмийн зэвсгийг цаашид хорогдуулах үйл ажиллагаанд бид Оросыг татан оролцуулна” гэсэн өгүүлбэр болов. “Муу хүмүүсийн гарт орж болох цөмийн аюулгүй байдлын салбарт даяарчлалын хүрээнд хүчин чармайлтаа гарган ажиллана” гэж Обама хэллээ.
CNN суваг ORC-тай хамтран телевизийн үзэгчдийн дунд явуулсан санал асуулгаар америкчууд Обамагийн илгээлтийг нааштай хүлээн авчээ. Тэдний 77 хувь нь Обамагийн үгийг дэмжсэн бол 22 хувьд нь таалагдсангүй. Телевизийн үзэгчдийн 71 хувь нь Обамаг улс орноо зөв замаар авч явна гэсэн бол 26 хувь нь Ерөнхийлөгчийн үгэнд багагүй төөрөгдөл байна гэжээ.
Обамагийн дараа бүгд найрамдахчууд өөрсдийн илгээлтийг сонсгожээ. Энэ удаа тэдний илгээлтийг Флорида мужийн сенатор, Кубын цагаачдын гэр бүлээс гаралтай Марко Рубио уншиж, танилцуулав. Илгээлтийн дийлэнх хэсэг нь Обамагийн эдийн засгийн бодлогын эсрэг чиглэжээ. Бизнест том ачаалал болох тул татвар нэмэгдүүлэхээс зайлсхийх ёстой гэв. “Хоёр намын тэргүүн нар Жон Кеннедигээс эхлээд Рональд Рейган хүртэл чөлөөт зах зээлийн эдийн засаг нь дунд ангийн цэцэглэлтийн эх булаг гэдгийг мэдэж байсан. Харин ерөнхийлөгч Обама тийм үү? Тэрээр үүнийг асуудлын эх булаг гэж үзэж байна” гэж сенатор ерөнхийлөгчийг шүүмжлэв. Ерөнхийлөгчийн илгээлтийн оргил үеэр сөрөг намын илгээлт гардаг нь Америкийн улс төрийн ёслолын чухал хэсэг бөгөөд тэр нь намын дээд хүрээгээр дэмжигдэж, дараагийн сонгуулийн чухал бэлтгэл болдог байна.