
Үүний тулд дэлхийн хоёр дахь том уул уурхайн групп “Рио Тинто” эхний ээлжинд банкнаас 12 сарын хугацаатай хоёр тэрбум ам.долларын зээл хүссэн бол үлдсэн хоёр тэрбум ам.долларыг экспортын зээлийн агентлаг болон олон улсын хөгжлийн сангаас босгохоор төлөвлөсөн гэнэ. “Рио Тинто” дээрх зээлийн хүсэлтийн хариуг ирэх гуравдугаар сарын дунд үе гэхэд ирүүлэхийг зээлдэгч нараас хүсчээ. Тус групп банкны зээлийн бараг тал хувийг зах зээлийн ханшаас хоёроос гурван хувиар илүү хүүтэй төлөх санал гаргасан бөгөөд улс төрийн эрсдэлийг тооцон зээлийг Дэлхийн банкны олон талт хөрөнгө оруулалтыг батлах агентлагаар даатгуулах юм байна. Энэ талаар төслийн санхүүгийн асуудлыг хариуцсан хүн мэдээлжээ. Оюутолгой ордын төсөлд авсан одоо төлөгдөж буй зээлийн хүүгийн төлбөр 500 сая ам.доллар болсны зэрэгцээ төслийн барилгын ажлын эхний өртөг 2010 онд 5.7 тэрбум ам.доллар хэмээн үнэлэгдэж байсан ч 6.6 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Энэ тухай Оюутолгойн хоёрдугаар сарын 5-ны өдрийн мэдэгдэлд дурьджээ. Түүнчлэн төслийг санхүүжүүлснээр уурхайн олборлолтыг дараагийн үе шатанд хүргэж, хувьцаа эзэмшигчдэд ноогдох өртгийг бууруулах боломжтой гэж мэдэгдсэн байна.
Монголын Засгийн газрын Оюутолгойн олборлолтоос олох ашгаас хүртэх хувь хэмжээг нэмэгдүүлэх гэсэн шаардлагатай холбогдуулан “Рио Тинто” групп түр хугацаанд Оюутолгой дахь үйл ажиллагаагаа зогсоох тухай мэдээлэл гарсан. Энэ талаар Лондон дахь “Рио Тинто” группийн хэвлэлийн төлөөлөгч Дэвид Аутвейт мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Өмнөговь аймгийн нутагт орших Оюутолгой алт, зэсийн баялаг нөөцтэй ордод хэрэгжүүлж буй “Оюутолгой” төслийн 66 хувийг “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг. Харин тус компанийн хувьцааны 51 хувийг “Рио Тинто” групп эзэмшдэг билээ. Монголын Засгийн газар “Оюутолгой” төслийн үлдсэн 34 хувийг эзэмшдэг юм.