Фанатуудын зорчиж явсан онгоц осолджээ

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

Фанатуудын зорчиж явсан онгоц осолджээ

Европын
хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн
шөвгийн 16-гийн тоглолтыг үзэхээр зорчиж явсан фанатуудын онгоц
осолдсоны улмаас таван хүн амиа алдсан харамсалтай осол өчигдөр Украйны
Донецк хотноо гарчээ. Одеса хотоос хөөрсөн “Антонов АН-24” онгоц 45
зорчигч тээвэрлэж явсан байна. Онгоц Донецк хотын нисэх буудалд ослын
буулт хийсэн бөгөөд удалгүй шатаж эхэлжээ. Зорчигчдын дийлэнх нь галаас
зугтаж амжсан байна. Ослын улмаас 12 хүн гэмтэж бэртсэн бөгөөд одоогоор
ослын шалтгааныг хараахан тодруулаагүй байгаа ажээ. Гэрчийн яриагаар
ослын үеэр нисэх буудлын орчимд манан ихтэй, үзэгдэх орчин
хязгаарлагдмал байсан гэнэ.

Аваргуудын лигийн хүрээнд өнгөрсөн
шөнө Монголын цагаар 02.45 цагт тоглосон Украйны “Шахтёр Донецк” болон
Германы “Боруссия Дортмунд” багийн тоглолтыг үзэхээр явж байсан Украйны
фанатууд ийнхүү осолд өртжээ. Ослын улмаас тоглолтын эхэнд багууд нэг
минутын чимээгүй хүндэтгэл үзүүлсэн байна. Тус тоглолт 2:2 харьцаатай
тэнцээгээр өндөрлөсөн юм.

Украйны Онцгой байдлын сайдын
мэдэгдсэнээр нисэх онгоц Донецк хотын Сергей Прокофиевийн нэрэмжит олон
улсын нисэх буудалд ослын буулт хийх явцдаа нисэх зурвасаас хэтэрсэн
байна. Тус онгоцонд Одеса хотын улстөрч, бизнесмэн гээд нөлөө бүхий
хүмүүс ч зорчиж явжээ. Осолдсон онгоц нь дотоодын “South Airlines”
компанийн онгоц гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж