Үймээн хүчирхэг гүрнүүдийн бодлогыг өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Үймээн хүчирхэг гүрнүүдийн бодлогыг өөрчиллөө

Ойрхи
Дорнодын үймээн самуун Тунисын хувьсгалаар анх эхэлсэн. Босогчид Тунист
төрийн эргэлт хийж, Ерөнхийлөгч Бен Алигаа албан тушаалаас нь
огцруулсны дараа Египетэд Фараоны эсрэг “анти-Мубарак” хөдөлгөөн бий
болсон юм. Харин дараа нь Ливид М.Каддафийг унагахын төлөө тэмцэж байна.
Босогчид Ливийн эдийн засгийн гол цөм болох газрын тосны томоохон
объектуудыг хэдийнэ эзэлчихсэн. Тиймээс М.Каддафи бараг л ялагдчихсан
гэсэн үг юм. Асуудал үүгээр дууссангүй. Морокко, Бахрайн, Оманд
эсэргүүцлийн хөдөлгөөн гараад эхэлчихсэн. Газрын тосны нөөцөөрөө дэлхийд
тэргүүлдэг Саудын Арабтай хиллэдэг Йемений баригчид байр сууриа тавьж
өгөх эсэх нь өнөө, маргаашийн асуудал болжээ.

Товчхондоо гэвэл Ойрхи Дорнодод нөхцөл байдал маш тогтворгүй байгаа. Энэ
бүс нутаг газрын тосны асар их баялагтай. Энэ утгаараа Ойрхи Дорнодын
үймээн даамжрахын хэрээр олон улсын Түүхий эдийн биржүүд дээр газрын
тосны үнэ өсч эхэлсэн билээ. Хэдийгээр Ливийн нефтийн нийлүүлэлт
тодорхой хугацаанд тасалдсан боловч бусад орны хувьд экспортоо
бууруулаагүй юм. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт тасалдаагүй гэсэн үг. Гэвч
улс төрийн тогтворгүй байдал цаашид хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй
байгаа учир хөрөнгө оруулагчдын зүгээс үүнд санаа зовж, газрын тос их
хэмжээгээр нь худалдан авч нөөцлөх байдал нэлээд ажиглагдаж байна.
Үүнээс болж бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардал нэмэгдэж, үнэ өсч
эхэлсэн. Одоогийн байдлаар улс орнууд инфляциас хамгийн их болгоомжилж
байна. Хятадад л гэхэд эдийн засгийн хэт тэлэлтээс болж дотоодод нь
тэртэй тэргүй үнийн өсөлт гаарч байгаа. Гэтэл дээр нь нэмээд олон улсын
биржүүд дээр түүхий эдийн үнэ нэмэгдсэн нь маш их нөлөө үзүүлжээ.
Тиймээс Хятадын Засгийн газар дотоодын зах зээл дэх түлш шатахууны үнээ
нэмэхээс өөр аргагүй болсон юм. Энэ нь инфляцийг улам хөөргөнө. Гэвч
газрын тосны эрэлтийг бууруулж, өртгийг нь хямдруулах боломжтой хэмээн
Хятадын эрх баригчид үзжээ. Ямартай ч тэр хүртэл инфляци улам өсөх нь
ойлгомжтой.

Америкчууд ч мөн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болжээ. Барак
Обамагийн засаг захиргаа уг нь ам.долларын ханшийг сулруулахын тулд бүх
хүчээ дайчилж байсан. Энэ нь экспортлогчдынх нь өрсөлдөх чадварыг
сайжруулж, тэр хэрээрээ их ашиг олно. Ингэснээр тэд ажлын байрныхаа тоог
нэмж, илүү хүнийг хөлсөлж ажиллуулна гэсэн үг. АНУ-ын эрх баригчид
ингэж бодсоны үндсэн дээр зах зээл дэх ам.долларын нийлүүлэлтийг нэмж,
мөнгөний бодлогоо сулруулсан билээ. Гэвч энэ нь мөн л инфляцийн
эрсдэлийг дагуулж байв. Харин Ойрхи Дорнодын үймээнээс болж газрын тосны
үнэ 20-25 ам.доллараар өссөнтэй зэрэгцээд үнийн хөөрөгдөл улам хүчээ
авчээ. Тиймээс АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн сангийн зөвлөлийн
гишүүд санал хуваагдаж, тэдний цөөнгүй хэсэг нь мөнгөний бодлогоо
хатууруулах хэрэгтэй гэж үзжээ. Ажиглагчдын үзэж байгаагаар Холбооны
нөөцийн сан бодлогын хүүгээ нэмж, энэ зунаас эхлэн мөнгөний бодлогоо
чангатгах төлөвтэй байна. Хэдийгээр одоогийн байдлаар Америкид
хэрэглээний үнийн индексийн өсөлт харьцангуй бага байгаа боловч далд
инфляци хэдийнэ бий болчихсон хэмээн эдийн засагчид нотлох болж. Тиймээс
АНУ-ын эрх баригчид удахгүй сонгууль болно гэх мэдээг үл харгалзан
инфляцитай тэмцэхээс өөр аргагүй болсон юм.

Харин Европт юу болж байна вэ. Тэнд мөн л үнийн өсөлтөөс болгоомжилж
байна. Түүнчлэн цагаачлалын асуудал нэлээд том сэдэв болж эхэлжээ. Учир
нь Европын орнуудтай хил залгаа оршдог Ойрхи Дорнодын улсуудаас ард
иргэд нь олноороо дүрвэж байгаа юм. Үүнээс болж Итали, Франц зэрэг
орнууд руу хууль бусаар цагаачлагчдын тоо нэмэгджээ. Италийн Ерөнхий
сайд Силвио Берлускони Тунисын эрх баригчидтай уулзаж, “Европ тив рүү
хүмүүсийн “цунами” орж ирлээ” хэмээн анхааруулсан нь хоосонгүй үг юм.
Хэдийгээр тухайн үед С.Берлускони ажиглагчдын зүгээс нэлээд шүүмжлэл
хүртэж байсан ч өнөөгийн нөхцөл байдлыг дүгнээд үзвэл түүний үг яг голыг
нь олж хэлсэн мэт харагдаж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Тунист
хувьсгал гарснаас хойш хойд Африкийн орнуудаас Европ руу 23 мянган
дүрвэн очжээ. Энэ талаар Ливийн удирдагч М.Каддафи ч анхааруулж байсан.
Тэрбээр олон улсын зүгээс тус улсад шахалт үзүүлж эхлэх үед “Үүнээс болж
Ливийн олон мянган иргэн Европ руу дүрвэнэ” гэсэн юм. Тиймээс Европын
удирдагчид цагаачлалтай холбоотой асуудлыг нэн даруй шийдвэрлэх ёстой
хэмээн үзэж байгаа юм. Гэхдээ одоогийн байдлаар Евро бүсийн орнуудын
Засгийн газрын өр ихэсч байгаа нь нэлээд анхаарал татахуйц асуудал
болоод байна.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж