Чингис хааны онгоныг олж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2013.02.14-нд нийтлэгдсэн

Чингис хааны онгоныг олж чадах уу?

Ричард III хааны сэргээн засварласан дүр
Британийн Лестерийн их сургуулийн археологичид таван зуун жилийн өмнө амьдарч байсан Английн Ричард III хааных байж болзошгүй араг яс болон гавлын ясыг өнгөрсөн есдүгээр сард автомашины зогсоол дороос олж илрүүлсэн. Үүний дараа археологичид  ховор олдворын ДНК-г судлаад Ричард III хааны гавлын яс мөн болохыг тогтоосноор эзэн хааны дүр төрхийг сэргээн бүтээх ажлыг эхлүүлсэн билээ. Харин саяхнаас судлаачид 1483-1485 оны хооронд Английг удирдаж, 30-аад насандаа “Цагаан улаан сарнайн дайн”-д амь үрэгдсэн эзэн хааны гавлын ясанд тулгуурлан түүний дүр төрхийг шинжлэх ухааны үндэстэй, хамгийн бодитойгоор урлан бүтээснээ олонд дэлгээд буй юм. Тэгвэл Их Британийн археологичдын мэдээлснээр Их Монголын эзэн хаан Чингис хааны араг яс болон гавлын ясыг эрж олох боломжтой гэнэ. Энэ тухай АНУ-ын Индиана мужийн Пердью их сургуулийн Хүн судлалын тэнхимийн захирал, Финландын Оулу их сургуулийн түүхийн археологийн лектор, Түүхийн Археологийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор Пол Р.Муллинсийн мэдэгдсэнийг “CNN” мэдээлжээ. Энэ тухай нийтлэлийг орчуулан хүргэе.

Пол Р.Муллинс “Бид алдартай, суут хүмүүсийн араг яс болон гавлын ясыг олж илрүүлснээр өнгөрсөн түүхээр, тухайн хүний өнгөрсөн амьдралаар аялах боломжтой болдог. Тухайлбал Ричард III хааны араг ясыг олж илрүүлснээр түүний дүр төрхийг бүрэн сэргээсэн. Түүнчлэн бид түүний үеэлүүд болох Йорксийн гүн Эдуард V (1470—1483) болон түүний дүү Ричард (1473-?) нарын тухай судалж мэдсэн. Археологичид 1933 онд хоёр залуу ханхүүгийн араг ясыг амьтны ясан дотроос санамсаргүйгээр олж илрүүлсэн юм.

Үүнээс гадна үргэлж дэлхий дахины анхаарлыг татаж, археологичдын хорхойг хүргэж байдаг нэг зүйл бол агуу эзэнт гүрэн Их Монголыг үүсгэн байгуулагч Чингис хааны онгон юм. 1227 онд таалал төгссөн Их Монголын эзэн хаан Чингис хааныг тухайн үед маш нууцлаг газар онголсон. Тиймдээ ч найман зуун өнгөрсөн боловч дэлхийн хамгийн хүчирхэг, алдартай эзэн хаадын нэг Чингис хааны онгоныг олж чадаагүй байна. Гэхдээ археологичид Ричард III хааны араг ясыг олсонтой адил санамсаргүйгээр Чингис хааны онгоныг олж илрүүлэхийг хэн ч үгүйсгэхгүй. Хэрэв археологичид Чингис хааны онгоныг олж илрүүлвэл зөвхөн их хааны тухай судалгаа хийгээд зогсохгүй, тухайн үеийн хүмүүсийн амьдрал, соёл иргэншил, тэмцлийн тухай цогц мэдэгдэхүүнтэй болох маш чухал ач холбогдолтой юм. Судлаачид хамгийн сүүлд 2003 онд Чингис хаантай холбоотой нэгэн сонирхолтой судалгаа хийсэн. Энэхүү  судалгаагаар бол 13-р зууны үед Их Монголын эзэнт гүрэнд амьдарч байсан эрчүүдийн бараг найман хувь нь Чингис хаан болон түүний эрэгтэй хамаатнуудаас улбаатайгаар эзэн хаантай генийн хувьд угсаа гарал нэгтэй буюу “Алтан ураг”-ийн хүмүүс байжээ” хэмээн ярьсан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж