
“Дэлхийн худалдааны төв Улаанбаатар" ТББ-аас “Финанс Монголиа” Монголын анхны санхүүгийн үзэсгэлэн, сургалтыг хоёрдугаар сарын 22-24-ний өдрүүдэд “Мишээл экспо”-д зохион байгуулахаар болсон билээ. Санхүүгийн салбарынхныг анх удаа өргөнөөр хамруулж буй уг үзэсгэлэнгийн бүртгэл дууссан бөгөөд одоогоор үзэсгэлэнгийн оролцох талбай дууссан ч үзэсгэлэн болох энэ өдрүүдэд сонирхсон хүмүүсийн өмнө нээлттэй юм. Үзэсгэлэнг Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК хамтран зохион байгуулах бөгөөд Худалдаа хөгжлийн банк, Хадгаламж банк, Мандал даатгал, Крэдит банк, Хасбанк, Хаан банк, Миг даатгал, Монгол даатгал, Соёмбо даатгал, “Моби финанс”, Монголын санхүүгийн групп зэрэг салбарын бүхий л аж ахуй нэгжүүд оролцох юм байна. Түүнчлэн гадаадын энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ч үзэсгэлэнд оролцох ажээ. Тухайлбал, Монголын хамтарсан санхүүгийн зөвөлгөө өгдөг Японы “BDO” компани, “Bank of china”-ын төлөөлөгчийн газраас мэргэжилтнүүд төрөл бүрийн зөвөлгөө өгөх гэнэ.
Үзэсгэлэнг зорьсноор:
- Үнэт цаас, хувьцаа, даатгал, зээл хүсэх талаар мэдлэг олгох үнэ төлбөргүй нэгдсэн сургалтанд хамрагдах
- Брокерийн компанид хувьцааны данс нээлгэх
- Арилжааны банкнуудын бүх үйлчилгээтэй нэг дор танилцаж, хадгаламж, зээл гэх мэт санхүүгийн шийдвэр гаргалтаа хийх
- Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодтой танилцах
- Даатгалын компаниудын санал болгодог жолоочийн, амь насны, аяллын, тэтгэврийн гэх мэт даатгалын багцуудыг нэг дор харьцуулж сонголтоо хийх
- Орон сууц, газар, автомашин зэрэг өмчийн үнэлгээ хийдэг байгууллагуудын үйлчилгээтэй танилцах боломжтой юм.
У.БОЛОР