Нигерт Хойд Солонгосын эмч нар амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Нигерт Хойд Солонгосын эмч нар амь үрэгдэв

Нигерийн иргэдийг “polio” өвчний эсрэг вакцинжуулах Засгийн газрын аяны хүрээнд өчигдөр хойд хэсгийн Йобе мужид ажил үүргээ гүйцэтгэж байсан эмнэлгийн эмч нарт халдсан хэрэг дахин гарчээ. Нигерийн албаныхны мэдээлснээр халдлагын улмаас “Potiskum General” эмнэлэгт ажилладаг найман эмэгтэй, нэг эрэгтэй амь үрэгдсэний дунд Хойд Солонгосын гурван эмч байсан байна. Харин Хойд Солонгосын талаас дээрх гурван эмчийг тус улсын харъяат мөн эсэх талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа аж.

Нигерийн цагдаа нар энэхүү халдлагыг үйлдсэн байж  болох 10 хүнийг баривчлаад байгаа бөгөөд тэднийг лалын зэвсэгт “Боко Харам” бүлэглэлтэй холбоотой эсэхийг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Үүнээс ердөө хоёрхон хоногийн өмнө Нигерийн хойд хэсгийн хамгийн том хот Канод иргэдэд вакцин хийж байсан эмнэлгийн ажилчид руу зэвсэглэсэн этгээдүүд халдсанаас есөн хүн амь үрэгдээд байсан аж.

Нигерийн “Боко Харам” /хөрвүүлвэл “Барууны боловсрол хориотой”/  бүлэглэл нь тус улсад лалын шашны ёс жаягийг тогтоохыг эрмэлздэг байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж