Ромын хамба шашны үйл хэргээ орхино

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Ромын хамба шашны үйл хэргээ орхино

Ромын хамба XVI Бенедикт. Фото: Stefan Wermuth / Reuters

Дундад зууны Агуу схизмээс хойш анх удаагаа Ромын хамба сайн дураараа шашны үйл хэргээ орхиж байна. 2013 оны хоёрдугаар сарын 11-нд тэргүүн хамба нарын өглөөний цугларалтын үеэр XVI Бенедикт гэнэтийн мэдэгдэл хийж, оюун ухаан, биеийн эрүүл мэндийн улмаас шашны үйл хэрэгт зүтгэх боломжгүй боллоо хэмээгээд, бүрэн эрхээсээ татгалзаж буйгаа мэдэгдэв. Шинэ Дээд гэгээнтнийг ирэх гуравдугаар сарын сүүлчээр тэргүүн хамба нарын конклав гэх дээд чуулганаар сонгох юм. Дараагийн гэгээнтнээр Гана улсын санваартан Пикер Терксоныг хэвлэлийнхэн нэрлэж эхлэв.

Дээд гэгээнтний эрүүл мэндийн байдлын талаарх яриа аль эртнээс гарч байсан юм. Ирэх дөрөвдүгээр сард XVI Бенедикт 86 насыг зооглоно. Тэрээр 2005 онд Ромын хамбаар сонгогдох үедээ католик шаины нэн шинэ түүхэнд хамгийн өндөр настай хамба байв. Үүний зэрэгцээ тэрбээр тэргүүн дэд хамба байхдаа зүрхний шигдээсээр өвчилсөн байжээ. Биеийн байдлаас шалтгаалан сүүлийн үед бараг алхаж чадахаа больсон тул Хувилгаан Петрийн сүм дэх айлтгалд тусгай төхөөрөмжөөр зөөн авчирдаг байв.

Дээд гэгээнтний биеийн байдал тааруу байгаа нь нууц биш байсан ч огцрох тухай яриа огт гараагүй билээ. Сүүлийн 600 жилийн дотор хамба нарын нэг нь ч Хувилгаан Петрийн сүмийн “түлхүүрээ” сайн дураараа өгч байсан нь үгүй. Хамгийн сүүлд 1415 онд XII Григорий огцорч байсан. Гэхдээ тэр үед XII Григорий сайндаа ч биш шашны эв нэгдлийн улмаас огцорсон гэдэг. Тухайн цагт гурван ч дээд хамба гарч ирээд байсан юм. Сүүлийн үед ариун суудалд заларч байсан өндөр настнуудаас ялгаатай нь XVI Бенедикт өмнө нь өөрийн хувьд огцорч болохыг үгүйсгээгүй юм. Хэрэв эрүүл мэндийн байдлаас өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрвэл суудлаасаа огцрох болно гэж мэдэгдэж байлаа.

Дээдсийн гэгээнтэн эрх мэдлээсээ буух шийдвэрээ өөрөө  дангаараа гаргасан бололтой.  Учир нь түүний огцрох мэдэгдэл Ватиканы дээд хүрээг цочроосон байв. Энэ тухай шуугиант мэдээллийг анх Италийн “ANSA” агентлаг мэдээлсэн ба дараа нь “Ватиканы радио” хамбын илгээлтийг цахим хуудсаараа дамжуулжээ.

XVI Бенедикт 2005 онд инаугурацийн ёслолын дараа. Фото: Arturo Mari / AFP

XVI Бенедикт огцрох нь тодорхой болсны дараа түүний шийдвэр ганц эрүүл мэндийн байдалтай холбоотой бус гэх мэдээлэл ч гарах болов. Хамба ламын төлөөлөгч нэр даруй тайлбар хийж, бүрэн эрхээсээ татгалзах болсон нь Ватиканы дотоод зөрчилдөөнтэй огт холбоогүй гэлээ.

Дээдсийн гэгээний төрсөн дүү Георг Ратцингер Германы “Der Spiegel” хэвлэлд яриа өгөхдөө, “Хамба лам огцорно гэдгийг хэдэн сарын өмнөөс мэдэж байсан, учир нь тэрээр өдөр тутмын гүйлгээ ажил төрлөөс ядарсан” гэжээ. Энэ тухайгаа ч тэргүүн хамбуудад хандсан илгээлтээ XVI Бенедикт цаад утгаар нь хэлэх шиг боллоо. Түүнд биеийн болон оюуны чадал тэнхээ нь шашны суурь үзлүүдийг ганхуулсан өнөөгийн хурдан хувирч буй цаг үед шашины хэргийг удирдах боломжгүй болголоо гэж хамба  мэдэгджээ.

Германы тэргүүн хамба байгаад Ромын хамба болсон Йозеф Ратцингерийг түүний өмнөх польш Кароль Войтыла буюу олон сая хүнд  II Иоанн Павел нэрээр алдартай Ромын хамба агсантай Польшийн хэвлэлд  зүйрлүүлсэн байна.  II Иоанн Павел католикийн тэргүүн огцроно гэдгийг үгүйсгэдэг байв. “Пап тэтгэвэрт гарна гэсэн ойлголт байх ёсгүй” гэж тэр эмнэлэгт хэвтээд ямар онош эмч нар тавьсныг мэдээгүй байхдаа хэлж бхйжээ.

Дээдсийн гэгээн амьд ахуйдаа огцорч буй түүхэн ач холбогдлын талаар Ватикан одоохондоо сэтгэх завгүй байх шиг байна. Хоёрдугаар сарын 28-ны орон нутгийн цагаар оройн 20.00 цагт XVI Бенедикт сахил санвараа өгөх ёстой. Ингээд католикуудын олон зуун сая сүсэгтэн удирдагчгүй үлдэнэ. Түүний орын хүнийг хурдан хайж олохоор амлаж байна. Шинэ хамба лам тэргүүн хамбуудын чуулгаар гуравдугаар сарын сүүлчээр тодорно. Бооцоологчид тэр ариун суудалд бас нэг дуулиан гарна гэж хүлээн таамаглаж байна. Гана улсын хамба, хар арьстан Питер Кодво Аппиах Терксон католикуудыг толгойлох магадлал маш өндөр байгаа ажээ.

Йозеф Ратцингер өөрийг нь залгамжлах хүний сонгуульд оролцохгүй. Ватиканд мэдээлснээр тэр огцронгуут Ром хотын ойролцоох Кастель-Гандольфо хамбын өргөөнд шууд очих гэнэ. Дараа нь Ватиканд эргэн ирээд лам нарын амьдардаг тусгай нэг өрөөнд амьдрах бололтой.

Папа лам II Иоанн Павел. Фото: Paolo Cocco / AFP

XVI Бенедиктийг “орчин цагийн инвизатор”, “бурхны ротвейлер” гэж нэрлэдэг байв. Тэрээр Ариун инвизаци гэдгийн шууд залгамжлагч Ватиканы Итгэл үнэмшлэлийн номнолын конгрецийг хамбааар сонгогдохын өмнө толгойлж байв. Либерал бөгөөд шинэчлэгч II Иоанн Павелын дараа бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан, эмэгтэйчүүд, гомо нарыг лам болгох маргаанд автаад байсан Католик шашин уламжлалдаа эргэн орж, дээрх сэдвүүдээр хатуу байр сууринд очно гэсэн хүлээлт байсан юм.

Гэтэл ямар нэгэн өөрчлөлт гарсангүй. Шинэ хамбын бие тааруу байсан нь ч үүнд нөлөөлснийг үгүйсгэхгүй. Харин Ватикан цаг үеэ даган дээдсийн гэгээндээ твиттерт аккаунт нээж өгсөн байв. Хамбыг огцрохоос өмнө түүнийг бүтэн хагас сая хүн “дагажээ”. Хоёр долоо хоногийн дараа огцрох 265 дахь Ромын хамбын талаар өдгөө твиттерт шуугиж байна. BBC Radio 2-ын хөтлөгч Жереми Вайн Ариун суудалд найман жил суусан XVI Бенедиктыг ингэж үнэлэн дүгнэжээ. “(1) Твиттерт аккаунттай болов. (2) Твиттерт мэдээлэл илгээхэд ихээр татагдав. (3) Ажлаасаа халагдав. #Пап”.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж