Хойд Солонгос дэлхийг чичиргэв

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос дэлхийг чичиргэв

Сөүлийн оршин суугч БНАСАУ-д хийгдсэн цөмийн дэлбэрэлтийн тухай телевизээр харж байгаа нь. Фото: Kim Jae-Hwan / AFP

Оросын сейсмологийн албаны газрын зураг. Дүрсийг: ceme.gsras.ru

БНАСАУ цөмийн амжилттай туршилт хийснээ мягмар гаригт зарлав. Үүний өмнөхөн дэлхийн сейсмологийн албад Хойд Солонгосын газар нутагт техногенийн шинжтэй газар хөдлөлт гарсныг бүртгэсэн байна. Хойд Солонгосын эрх баригчид даваа гаригт АНУ ба Хятадад цөмийн туршилт хийх тухайгаа мэдэгджээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралттай хуралдааныг хийлгэхээр Сөүл зарлуулж байна. Пхеньяны үйлдлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, АНУ-ын Ерөнхийлөгч, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн төлөөлөгч нар шууд буруутгав.

БНАСАУ-ын нутаг дэвсгэрт мягмар гаригийн өглөө хиймлээр өдөөсан 5,1 магнитудтай газрын чичирхийлэл гарсан байна гэж Өмнөд Солонгосын “Ренхап” агентлаг мэдээлжээ. АНУ-ын Геологийн алба (USGS) мөн л Пхеньянаас зүүн хойд хэсэгт 379 км-ийн зайд газар чичирхийлснийг бүртгэжээ. USGS-ийн мэдээгээр, 4,9 магнитудын газар хөдлөлт Сонжинбэгамын районд нэг км-ийн гүнд болжээ.

Өглөөний 10.57 цагт болсон газар хөдлөлт нь дэлбэрэлтийн шинжтэй гэж Хятадын сейсмологийн төвийн мэдэгдэлд өгүүлжээ. Японы сейсмологичид ч тэр газар хөдлөлт хиймэл шинжтэйг өгүүлж байна. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээний дагуу цөмийн бөмбөгийн дэлбэрэлт байж болох  түүний хүчин чадал нь 6-7 килотонн болох гэнэ.

Оросын сейсмологичид Хойд Солонгосын газар доорх чичирхийллийг бүртгэлээ гэж Оросын Шинжлэх ухааны академийн Геофизикийн албанаас мэдээлжээ. Уг албаны газрын зурагт газар хөдлөлт болсон газруудад Хойд Солонгос заагдсан байлаа. Газрын чичирхийлэлтийг Москвагийн цагаар өглөөний 06:57 орчимд бүртгэсэн ба магнитуд нь 5,3 байсан бөгөөд 0,1 км-ийн гүнд болжээ. Оросын тусгай албадын нэрээ нууцалсан эх сурвалж түүний хүчийг тав орчим  килотонн гэсэн байв. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээгээр, цөмийн дэлбэрэлтийн хүч нь 6-7 килотонн байсан гэнэ. Цөмийн бөмбөгийн хувьд тэр нь хүчтэйд тооцогдохгүй. Жижиг авсаархан төхөөрөмж байсан гэж мэргэжилтнүүд үзэв. Тэр нь онгоцоор эсвэл пуужингаар тээвэрлэх зориулалтын цөмийн цэнэг байж болох юм.


Мягмар гаригийн үд дунд БНАСАУ цөмийн туршилт хийснээ хүлээн зөвшөөрөв.  “Цөмийн туршилтийг манай улсын хиймэл дагуул хөөргөх эрхийг зөрчсөн АНУ-ын ухаангүй дайсагналын эсрэг тусгаар тогтнол, манай үндэсний аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээний нэгэн хэсэг болгон хийлээ” гэж Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг мэдээлснээс иш татан барууны хэвлэл, мэдээлэл дамжуулж байна. Тус агентлагийн мэдээлснээр, газар доорх цөмийн дэлбэрэлт амжилттай болсон бөгөөд эвдлэн сүйтгэх ихээхэн хүчин чадалтай, цөмийн авсаархан төхөөрөмжийг ашиглажээ.

“Цөмийн туршилт аюулгүйн өндөр төвшинд төгс маягаар хийгдсэн бөгөөд түүнд ихээхэн эвлэн сүйтгэх хүчин чадалтай, авсаархан, хөнгөвчилсөн цөмийн төхөөрөмжийг хэрэглэв. Хүрээлэн буй орчин, эколгид ямар нэгэн сөрөг үр дагавар дагуулсангүй нь тогтоогдлоо” хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

БНАСАУ-ын туршилт нь бүс нутгийн тогтвортой байдлыг бусниулсан, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг болон “зургаан талт хэлэлцээрийн” оролцогч нарт өгсөн амлалт үүргээ зөрчин цөмийн зэвсгийн тараалтын эрсдлийг ихэсгэсэн “өдөөн хатгасан ажиллагаа” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нэрлэв. “Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн туршилт нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал нэн ялангуяа дэлхий дахинд аюул занал хийж байна.  БНАСАУ-ын зүгээс гарч болох өдөөн хатгалгын өмнө АНУ сонор сэргэмжээ хадгалан бүс нутаг дахь холбоотнуудынхаа өмнө авсан батлан хамгаалах үүргээ биелүүлэхэд хатуу зогсох болно” гэж Обамагийн мэдэгдэлд өгүүлжээ.

БНАСАУ-ын үйлдлийг Европын холбооны Гадаад хэргийн дээд төлөөлөгч Кэтрин Эштон, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейг, Австралийн Сайд нарын танхимын тэргүүн Жулия Гиллард, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар буруутган мэдэгдэл хийцгээв. Японы ерөнхий сайд хийгдсэн цөмийн дэлбэрэлтийн талаар шинжээчидтэй яаралтай хуралдаан хийхээр болсон байна.

Хятадын Засгийн газар цөмийн туршилттай нь холбогдуулан БНАСАУ-д “шийдвэртэй эсэргүүцлээ” илэрхийлсэн байв. “Цөмийн зэвсэггүй болохоор  авсан олон улсын үүргээ чанд сахихыг бид Хойд Солонгост хандан эрс шийдвэртэйгээр уриалж байна. Хурцатмал байдал гаргах ямар нэгэн үйлдлээс зайлш хийх ёстой” гэж БНХАУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлсэн байна. Оросын ГХЯ-ны мэдэгдэлд Орос, Америкийн өндөр тушаалын дипломатууд БНАСАУ-ын хэрэг явдлаар ярилцсан гэжээ.

БНАСАУ нэгдүгээр сарын сүүлчээр цөмийн туршилт хийхээр занал хийсэн мэдэгдэл гаргасан юм. “Хиймэл дагуул хөөргөх, алсын тусгалын баллистик пуужин турших мөн цөмийн цэнэг турших нь эцсийн дүнд АНУ-ын эсрэг чиглэгдсэн гэдгийн бид нуухгүй” хэмээн тэр үед БНАСАУ-ын эрх баригчид мэдээлж байлаа. Цөмийн туршилтын өмнө БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын Улс төрийн товчоо амлахдаа, алсын тусгалын пуужингийн туршилтыг “дээд зэргийн идэвхтэй хийнэ” гэсэн байв.

БНАСАУ-ын хувьд 2006 ба 2009 онуудад хийгдсэн хоёр төдийлөн амжилттай биш цөмийн дэлбэрэлт өмнө нь байв. Тэдний хариуд нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэд хэдэн тогтоол гаргаж, БНАСАУ-аас цөмийн туршилт болон баллистик пуужин хөөргөхгүй байхыг шаардсан юм. БНАСАУ 2005 онд өөрийгөө цөмийн гүрэн хэмээн зарласан билээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж