Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Спикерийн сануулга

Спикер чуулганы индрээс улстөрчдөд хатуухан сануулга өгч, намуудын дарга нар түргэн авав. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хаврын чуулганыг нээж “Улс төрийн намууд сонгуульд оролцохдоо тооцоогүй, бодитой бус мөнгөний амлалтаасаа татгалзах ёстой” хэмээн хэлснээс хойш гурав хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гарагт намуудын дарга нар нүүр тулан уулзацгаалаа. Парламентад суудалтай, суудалгүй том, жижиг намуудын дарга нар ийн уулзахдаа ирэх сонгуулийн дүр төрхийг элдэв амлалтгүйгээр тодорхойлох эхлэлийг тавьсан юм. Спикерийн сануулгыг зарим нь “За”, нөгөө хэсэг нь “Үгүй” гэж хүлээн авсан ч сонгуулийг шударга явуулах байр сууриа нэгтгэв. Харин тэдний ширээн дээр нэгэн хуулийн төсөл бий. Мэдээж хэрэг, энэ бол Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. Чухам энэ нь улс төрийн намууд, улстөрчдийн хувьд ирэх сонгуулиар баримтлах гол “луужин” учраас нам, намын лидерүүд дээрх хуулийг шинэчлэх цаг үеийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Тэгвэл УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Сонгуулийн тухай хуулийг шинэчлэхээс өмнө амжиж юу гэж хэлэв. Тэрбээр “Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн батлах нь та бидний нэн тулгамдсан зорилт. Гэвч ямар тогтолцоог сонгохоо өдий болтол ярилцаж, эцсийн шийдэлд хараахан хүрээгүй байна. Уг хуулийг шинэчлэн батлахад улс төрийн намууд, түүний дотор парламентад суудалтай намууд шийдвэрлэх үүрэгтэй. Гэхдээ аль нэгэн нам, УИХ-ын гишүүн өөрт ашигтайгаар батлуулах тухай яриа байхгүй” хэмээн удаахь сануулгаа өглөө. Түүний энэ үг эрх баригчдыг чиглэсэн нь ч тодорхой. Учир нь Ардын намынхан “Мажоритар тогтолцооны ачаар манай нам өнгөрсөн сонгуулиудад олонхи болж чадсан” хэмээж байгаа бол Ардчилсан намынхан пропорционалийн талд гар өргөсөн хэвээр байна. Улс төрийн хоёр том хүчин нэг, нэгэн рүүгээ мажоритар, пропорциональ хэмээх хөзөр чулуудаж байх зуур спикер “Сонгуулийн тухай хуулийг аль ч намын ашиг сонирхлоор “хачирлах” учиргүй. Учир нь энэ хууль бол сонгогчдын сонгох, сонгогдох эрхийн тухай хууль мөн” гэж анхааруулав. Үнэхээр ч өмнөх сонгуулиуд тогтолцооны хувьд эрх баригчдад ашигтай байсан. Сонгуулийн үр дүн ч тэдэнд сэтгэл ханамжийг мэдрүүлдэг байлаа. Гэвч ард түмэн өмнөх сонгуулиудаас сэтгэгдэл хэр өндөртэй үлдэж байсан бол. Тэд төрд төлөөллөө болгон илгээсэн эрхэм гишүүдийнхээ ажилд ямар ч эргэлзээгүйгээр “ОК” хэмээх үнэлгээг өгдөгсөн билүү. Үгүй. Тиймээс “Сонгууль үнэхээр шударга боллоо шүү. Бид зөв хүнээ сонголоо. Ямар ч будилаан, луйвар гарсангүй” хэмээн улстөрчид, иргэдийн аль, аль нь сэтгэл ханамжтай үлддэг эрх зүйн тогтолцоог хуульчлах хариуцлагатай мөч УИХ-ын гишүүдэд тохиогоод байна.

Ерөнхий сайд, Ардын намын дарга С.Батболд Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг шинэчлэхээс өмнөхөн нэгэн саналыг адгуухан дэвшүүлсэн нь хоёр танхим бүхий парламенттай болох юм. УИХ-ын хаврын чуулганы нээлтийн ажиллагааг хол, ойроос ажиглацгаасан хүмүүс ч “Намынх нь дарга ийм санал дэвшүүллээ. Д.Дэмбэрэл юу гэх бол” гэж харцгааж байсан юм. Харин спикер “Улс төр, эдийн засаг, нийгэмд нэн тулгамдсан томоохон асуудлуудад анхаарлаа хандуулах нь зүйтэй. Монгол Улсын язгуур эрх ашгийн асуудлуудыг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. Гэхдээ ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, намуудын санал, УИХ-ын гишүүдийн санаачлан боловсруулсан төслийг нэгтгэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэнэ” гэлээ. Төрийн тэргүүн шүүхийн шинэтгэлийг эхлүүлж, Ерөнхий сайд парламентын шинэчлэлд анхаарлаа хандуулж буй энэ цагт УИХ-ын дарга Д.Дэмбэрэл иргэндээ үйлчилдэг, хууль дээдэлдэг, хариуцлагатай, нээлттэй төрийн тогтолцооны шинэчлэлийг онцоллоо. “Эдгээрийг эрх зүйн хувьсгалаар шийдэх боломжтой” гэв. Ямартай ч улс төрийн намууд спикерийн сануулгаас сэрэмж авч, ирэх сонгуулийг мөнгөний амлалт ихтэй биш юм гэхэд багатай явуулах биз. Харин сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн шинэчлэлд зарчмын байр сууриа тэд хэрхэн нэгтгэх нь сонирхол татна.   

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж