Киргизстаны экс-Ерөнхийлөгчийг яллав

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Киргизстаны экс-Ерөнхийлөгчийг яллав

Киргизийн цэргийн шүүхээс тус улсын Ерөнхийлөгч асан Курманбек Бакиевийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр 24 жилийн хорих ялаар шийтгэжээ. Экс-Ерөнхийлөгчийн дүү Жаныш мөн хүн амины хэрэгт буруутгагдан насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн байна.

Курманбек Бакиев нь 2005-2010 оны хооронд Киргизстаны төрийн тэргүүнээр сонгогдон ажилласан бөгөөд дээрх хугацаанд гэр бүлийнхний хамт авлига, хээл хахуулиар хөлжиж, дэндүү замбараагүй байдлаар эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байжээ. Ингээд 2010 оны дөрөвдүгээр сард нийслэл Бишкек хотноо төрийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн, цус асгаруулсан эсэргүүцлийн арга хэмжээ болж, улмаар дөрөвдүгээр сарын 15-нд Курманбек Бакиев Ерөнхийлөгчийн албанаас огцрох бичигт гарын үсэг зурж, Казахстан руу зугтжээ. Гэтэл дөрөвдүгээр сарын 20-нд, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко тус улсын парламентийн танхимд мэдээлэл хийж, “Бакиев болон түүний гэр бүлийн дөрвөн хүн даваа гаригаас эхлэн зочдын хувиар Минскт ирээд байна. Тэд манай улсын, мөн Ерөнхийлөгч миний хувийн зүгээс хамгаалалтад байгаа” хэмээн мэдэгдэж байжээ. Тэр цагаас хойш Бакиевийн гэр бүлийнхэн Беларусьт амьдарч буй бөгөөд 2010 онд тус улсын иргэншилтэй болсон гэх мэдээлэл дөнгөж өнгөрсөн жил олон нийтэд ил болсон юм. Киргизстаны шинэ эрх баригчид ах, дүү Бакиевийг шилжүүлэн өгөхийг шаардаж буй ч Минск татгалзсаар байгаа юм.

Киргизстаны цэргийн шүүх хуралд шүүгдэгч оролцоогүй ч шүүх бүрэлдэхүүн Курманбек Бакиевийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутгаж, түүнд 24 жилийн хорих ял оноосон бол Бакиевийн бүрэн эрхийн хугацаанд улсын аюулгүй албаны үйлчилгээг хариуцаж байсан Жаныш Бакиевийг хүн амины хэрэг, захиалгат аллагад буруутгаж, бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж