Сөрөг хүчингүй парламент

Хуучирсан мэдээ: 2013.02.13-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчингүй парламент

УИХ-ын зургаа дахь сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент сар шинийн өмнөхөн намрын чуулганаа өндөрлүүлж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойшхи таван сарынхаа ажлыг дүгнэлээ. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн УИХ дахь олонхийн бүлэг өнгөрсөн хугацаанд цөөнхөд хүндэтгэлгүй хандсан гэж үзэж буйгаа чуулганы төгсгөлийн өдрүүдэд хатуухан мэдэгдэв. Цаашид олонхи цөөнхийн дуу хоолойг үл сонсон, өмнөх шиг арга барилаар ажиллавал бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ болж байсан Монгол Улсын нэр хүндийг олон улсын төвшинд унагана гэж тэд мөн сануулж байв. Гэвч улстөр судлаачид УИХ дахь МАН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг сануулж буй. Ийм байдалд хүрэхэд нөлөөлсөн гол шалтгааныг олон жилийн турш засаглалын эрхийг гартаа авч ирсэн нь эргээд цөөнхийн байр сууринд очихоор тэрхүү үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч байна гэх гаргалгааг хийхэд хүргэж байна. Тэр байтугай зарим хуульч “МАН-д С.Баяр шиг стратегич алга байгаа нь цөөнхийн үүргийг биелүүлж чадахгүйд хүрч байна” хэмээн томъёолоход хүргээд байгаа билээ.

Одоогоор тус бүлэг парламентад 25 суудалтай байна. Энэ хэмжээний суудлыг парламентад авсан МАН шиг улстөрийн хүчинд бол олонхийн бүлгийг яаж ч барьж улстөрийн тоглолтыг хийж болох ч харамсалтай нь өөрсдөө шоглуулчихаад сууж буй нь “Шударга ёс” эвслийн гишүүдийн хэлдэгчлэн Ардын намынхан өөрсдийнхөө хийсэн алдаан дээр л халтирч унаад байгаагаас биш Ардчилсан намынханд нялзаагаад байх буруу биш бололтой. Зарим жишээг дурдвал Увсын тойргоос сонгогдсон УИХ дахь МАН-ын хоёр гишүүнийг эргүүлэн татаж болзошгүй нөхцөл байдал үүсэв. Гол нь шүүхээс гарах эцсийн шийдвэр Ч.Хүрэлбаатар, Д.Чойжилсүрэн хоёрын талд уу, эсвэл Ардчилсан намаас нэр дэвшигчдийн талд гарах уу гэх хүлээлт юм. Дээр нь Өвөрхангай аймаг дахь тойргийн маргааныг эцэслэх шаардлага ч бий. Өнгөрсөн УИХ-ын намрын чуулганы үеэр Сонгуулийн ерөнхий хорооноос тус тойрогт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нарын УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх саналаа УИХ-ын даргад өргөн мэдүүлж байсан ч цөөнхийн бүлгийнхний буйдантай суултаас болж, нэг мандатын эзэн өнөө хэр тодорхой болсонгүй хаврын чуулган руу эл асуудал шилжлээ. Хэдийгээр Г.Батхүү нь Д.Зоригтоосоо түрүүлж Д.Арвин, Ц.Оюунбаатар нарын хамтаар УИХ-ын гишүүний тангараг өргөснийг зарим нь шүүмжлэх ч нэгэнтээ УИХ-ын сонгуулийн хуулийг мөрдөөгүй МАН-аас нэр дэвшигчдэд УИХ-д суух бололцоог нээж өгөх нь хэр зохистой вэ гэх асуулт юм. Энэ утгаараа Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн Өвөрхангайгаас УИХ-д төлөөлөн суух төрийн түшээгийн нэр хууль зөрчөөгүй болохыг батлах мэт. Гэвч МАН-ын бүлгийн гишүүд парламент дахь суудлаа ахиулахын тулд хууль зөрчсөн ч хамаагүй гэх сэтгэлгээгээр хандаж ирсэн нь сөрөг хүчнийх нь рейтингийг олон нийтийн дунд унагаад зогссонгүй эргээд олонхийн бүлгийнхний аргад өөрийн унахад хүргэв бололтой. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчин байна гэдэг хууль зөрчиж ажиллахыг бус хуулийг мөрдүүлж ажиллахад оршдог болохоор энэхүү үйл ажиллагаа нь олон нийтийн дунд үзэн ядалт төрүүлэхээс өөр үр дүнг дагуулсангүй.

Нөгөөтэйгүүр, МАН парламент дахь сөрөг хүчний байр сууриа хамгаалж чадахгүй олонхийн бүлэгтээ чадуулсаар байвал эргээд улс орны хөгжилд сөрөг үр дагавар дагуулж болзошгүй тухай улстөр судлаачид сануулах боллоо.  Гэтэл парламент дахь сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байж шинэчлэлийн Засгийн газрыг хянах зорилгоор МАН-ынхан сүүдрийн Засгийн газар байгуулна гэж дэвэх нь хэр оновчтой юм бол… Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулган эхэлнэ. Харин энэ үеэс сөрөг хүчний үүргээ жинхэнэ утгаар нь гүйцэтгэж ажиллахын төлөө Ардын намынхан бэлтгэлээ хангах цаг болсон юм биш үү.  Сөрөг хүчнийхэнд амжилт хүсье.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж