
Инфляцийн өсөлтийн хувь хэмжээ гэдэг нь улс төрийн аль нэг намын нэр хүнд өссөн эсэх талаарх худал тоон мэдээллээс тэс өөр зүйл билээ. Ардын намын, эсвэл Ардчилсан намын рейтинг өсч байна гээд дэгсдүүлсэн тоо хэлчихсэн байхад иргэд итгэж болно. Харин инфляци нам түвшинд байгаа эсэх нь айл бүрийн орлого, хүн бүрийн идэх талхтай холбоотой учраас нүднээ ил байдаг. Статистикийн мэдээтэй, мэдээгүй юуны үнэ хэр өсч, буурч байгааг сайн мэдэж байгаа. Тиймээс энэ талаар худал мэдээлэл өгөх нь гэнэн хэрэг.
Наад зах нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас 216.6 тэрбум төгрөгийн бонд гаргаж барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх болсон. Түүний өмнөхөн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн дуулианаар барилгын материалын үнэ, ханш хэрхэн хөөрч, хөөсөрснийг бид бэлхнээ харж байгаа.
Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал хэлэхдээ “Инфляцийн түвшин хоёр оронтой тоонд эргэлдэж байгаа нөхцөлд, ямар ч тохиолдолд цалингийн зээлийн хүүгийн тогтвортой систем ажиллаж чадахгүй” хэмээн үнэнээ л хэлсэн.
Үнэн хэрэгтээ Засгийн газрын бүх гоё мэдээ Монголбанкныханд хүнд цохилт болон бууж байгааг өнөөдөр хэн ч хэлэхийг хүсэхгүй байна. Нэг талаас үүрэг гэж ойлгож байгаа байх л даа. Гэхдээ үүнд учир бий. Хэмжээ хязгааргүй халамжийн далайд живүүлчихээд байхад инфляцийг хэрхэн нэг оронтой тоонд барих юм бэ. Яг ийм байдлаар 2007 онд инфляци өсч 34 хувьд хүрсэн билээ. Тухайн үед яг одоогийнх шиг сонгуулийн өмнөх жил байлаа. Засгийн газар олон нийтэд таалагдах халамжийн арга хэмжээг хяналтгүйгээр цацаж байв. Үүний үр дагавар үргэлжилсээр дэлхийн эдийн засгийн хямралтай залгасан. Гэтэл экспортын гол бүтээгдэхүүн алт, зэсийн үнэ уналтад орж, нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн. Энэ бүхэн давхцаад яахаа мэдэхээ болиход мөнгөний бодлогын хүүгээ өсгөхөөс өөр арга байгаагүй. Гэхдээ тэр үед инфляцийг бодитоор нь олон нийтэд мэдээлээд, шаардлагатай арга хэмжээг авсан. Эцэст нь уг арга хэмжээг авсан эзнийг улс төрийн шахаанд оруулж огцрох өргөдлийг өгүүлээд, дараагийн ерөнхийлөгч нь мөнгөний бодлогын хүүг бууруулж оноо авсан. Гэвч тэр үед хэдийнэ инфляцийн аюул холдсон байлаа.
Хэдийгээр энэ бүхний бурууг хямрал руу чихэж, олон нийтийн тархийг угаагаад өнгөрсөн ч мэргэжлийн хүмүүсийн хувьд инээдмийн жүжиг шиг л харагдаж байсан. Учир нь инфляци өсөх тодорхой шалтгаанууд байдаг. Мөн түүнийг цаламдан тогтоох аргуудыг ч онолын үүднээс судалж тогтоосон байдаг. Дэлхий нийтийн хэмжээнд яавал өсдөг, ямар арга хэмжээ авч бууруулдгийг тогтоочихоод байхад Монголд өсөх бүх шалтгааныг бий болгочихоод өсөөгүй гэж мэдээлэх нь ард түмнээ басамжлах мэт санагдаж байна. Тэгвэл бидний эргэн тойронд байдал ямар байна вэ.
Хятадын төв банк бодлогын хүүгээ дөрөв дэх удаагаа нэмлээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх жилийн мөн үеийнхээс 11 хувиар өсчээ. BBC-ийн тоймч Мартин Патинс “Хятадад инфляци буурахгүй байгаа нь 2008 оны санхүүгийн хямралын дараа эрх баригчдын явуулсан буруу бодлогын үр дагавар” хэмээн мэдэгдэв. Учир нь Хятадын эрх баригчид эдийн засгаа сэргээх гээд асар олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, арилжааны банкуудын нөөцийн санг 20 хувиар нэмсний дүнд ийнхүү инфляцийн аюул нүүрлэж, бэлэн мөнгө хэвлэхээс аргагүйд хүрчээ. Ерөнхийдөө Азийн орнуудад эдийн засгийн өсөлтийг дагасан инфляцийн өсөлт аюул учруулаад байна.
Дэлхийн ядуусын гуравны хоёр хувь нь Азид амьдардаг. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдсэн инфляци эмзэг нийгмийн эмзэг хэсгийнхэнд хүндээр тусч, бухимдал, хямрал дүүрэн болов. Мөн инфляциас гадна Ойрхи Дорнодын геополитикийн таагүй үйл явдлууд, Японы гамшигаас үүдсэн газрын тосны үнийн өсөлт зэрэг олон хямрал түгшүүр айдаст автуулж байна. Тиймээс Азийн орнууд инфляцийг бууруулахын тулд мөнгөний хатуу бодлого баримталъя, валютын ханшийг уян хатан байлгая гэдэг дээр санал нэгдээд байна.
Европын орнууд болон АНУ-д байдал мөн л амаргүй байна. АНУ мөнгөний бодлогын хүүгээ бараг тэглэх шахам байж зээлийн хэмжээг нэмэхийг хичээж байна. Инфляцийн аюулыг далласан энэ шийдвэрээс эрх баригчид нь үхтлээ айж байгаа ч ажилгүйдлийг бууруулах зөв зүйтэй алхам хэмээн үзэж байгаа ажээ. Инфляцийн хүлээлт бий болчихлоо. Цаашид яах вэ. АНУ-ын холбооны нөөцийн сан Сангийн яамныхаа бондыг 600 тэрбум ам.доллараар худалдан авна. Дараа нь мөнгөний бодлогоо хатууруулна, зээлээ хумина. Эс тэгвээс цалин өсөхгүй байна гэсэн ажилчдын бухимдал, Ойрхи Дорнодоод болж буй үймээн самууны нөлөөгөөр ам.долларын ханш унаж байгаа зэрэг нь дотоод хяналтаа алдахад хүргээд байгаа юм. Тэд мөн л хятадуудын нэгэн адил мөнгө үйлдвэрлэхээс аргагүйд хүрэх биз ээ.
Харин Монгол Улс яах вэ. Мөнгө хэвлэх үү. Дэлхийн банкнаас “Монгол Улс 2008 оныхоос ч хүнд байдалд орно, инфляци 25 хувиас ч давж мэднэ” хэмээн мэдээлсэн. Харин Монголбанкны мэдээллээр энэ үзүүлэлт 11 хувьтай байгаа, цаашид нэг оронтой тоонд барих боломжтой хэмээж байна. Энэ бол зөвхөн Монголбанкны ч байр суурь биш. Яагаад гэвэл УИХ “Төрөөс мөнгөний бодлогыг талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг батлахдаа асуудлыг олон талаас нь хангалттай хэлэлцээд Монголбанкинд инфляцийг нэг оронтой тоонд тогтоон барих үүрэг өгчихсөн. Тэгэхээр энэ нь УИХ-ын ч байр суурь мөн. Тэгэхээр хариуцлагаа хамтдаа хүлээх ёстой.
Одоогоор Монголбанкны удирдлагууд нөхцөл байдлыг өөдрөгөөр харж, “Инфляци бол мангаа биш. Одоо инфляцийг бус эдийн засгийн өсөлтийг онилох цаг болсон” гэж үзэж байгаа бололтой. Гэтэл цаашид эдийн засгийн халалтыг бий болгох улс төрийн шийдвэр улам ихэснэ. Энэ тохиолдолд улстөрчидтэй нэгдсэн шийдвэрт хүрч чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Үндэсний статистикийн хорооноос хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоосон. Ингэснээр нийслэлийнхний хамгийн бага хэрэглээ 101 мянган төгрөгөөр тооцдог байсныг 118 мянган төгрөг болгон нэмжээ. Ирэх жилийн эхний улирал хүртэл мөрдөнө гэхийг бодоход УИХ-ын сонгуулийн жил эхлэхэд амьжиргааны доод түвшинг нэмж ч мэднэ. Энэ нөхцөлд инфляциа яаж тогтоох нь Монголбанкны л үүрэг болоод үлдэнэ шүү дээ. Улстөрчид бол эдийн засгаар тоглож хаячихаад сонгуульдаа оролцоод явчихна. Тэд улс орны эдийн засгийг биш нэр төрийг онилдог. Энэ мөчид л хэн нь эх оронч вэ гэдэг нь эргэлзээтэй болдог билээ. Цэвэр мэргэжлийн хүмүүсийн гарт байх ёстой эдийн засгийн бодлогоо улстөрчдийн гараас булааж аваач ээ л гэж хашгирмаар байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин