Ромын пап суудлаасаа татгалзав

Хуучирсан мэдээ: 2013.02.12-нд нийтлэгдсэн

Ромын пап суудлаасаа татгалзав

Одоогоос найман жилийн өмнө Ромын Католик сүм болон Ватикан хот улсын төрийн тэргүүнээр өргөмжлөгдсөн пап XVI Бенедикт өөрийн албан тушаалаас татгалзаж дараагийн шинэ папыг өргөмжлөх нь зүйтэй хэмээн даваа гаригт албан ёсоор мэдэгджээ. Мөн шинэ папыг энэ сарын сүүлээр өргөмжлөх нь зүйтэй гэж мэдэгдсэн байна. Тэрээр нас дээр гарсан учраас өөрийн албан тушаалаа үргэлжлүүлэх боломжгүй хэмээн үзэж уг шийдвэрийг гаргасан нь дэлхийн олон сая Католикчуудын хувьд гайхашрал төрүүлсэн явдал болсон байна.

Олон улсын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар сүүлийн 600 жилийн түүхэнд Ромын пап өөрийн суудлаасаа татгалзаж байсан тохиолдол огт гарч байгаагүй юм байна. Пап XVI Бенедикт 2005 оны дөрөвдүгээр сарын 19-нд папын конклаваар сонгогдож, мөн оны дөрөвдүгээр сарын 24-нд тангараг өргөн, тавдугаар сарын 7-нд өөрийн сүм болох “Гэгээн Иоанн Латераны Базилика”-д заларч байжээ. Бавариас гаралтай пап тэрээр Герман болон Ватиканы иргэний харьяалалтай, II Иоанн Павелыг залгамжилсан аж. Ватиканы албаны эх сурвалжуудын мэдээлснээр тэрээр энэ сарын 28-нд өөрийн албан тушаалыг албан ёсоор хүлээлгэн өгөх юм байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж