УИХ-ын гишүүн Х.Наранхүүг “Ярилцах танхим”-даа урилаа.
-“Дорнод уран” хамтарсан компанийг ОХУ-ын талтай тохиролцсоны дагуу байгуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл “Хан ресурс” компани нэхэмжлэх гарган олон улсын арбитрын шүүхэд хандсанаас болж “Дорнод уран” хамтарсан компанийг байгуулах ажил гацаанд орчихлоо?
-УИХ зарчмын шийдвэрээ гаргасан. Харин зарчмын хувьд ураны чиглэлээр ОХУ-тай хамтарч ажиллахад олон талын ач холбогдолтой. Цөмийн зэвсгийн чиглэлээр баяжуулах ураны технологийг олон улсын хэмжээнд дэлгэрүүлэхийг хорьчихсон байдаг. Энэ технологид нь манай улс оролцох эрхгүй учир боловсруулалтыг хүссэн, хүсээгүй гадаадын улс орноор хийлгэнэ. Техник, технологи болон тээвэрлэх талаасаа ч тэр Оростой хамтарч ажиллах нь зарчмын хувьд зөв. Харин компани байгуулах, хамтарч ажиллах явцад юу болж байна вэ гэдэг мэдээллийг Засгийн газраас бидэнд өгөөгүй байгаа.
-Оросын талаас юу гэж үзэж байгаа талаар мэдээлэл байна уу?
-Оросын талаас хамтарсан компанид дийлэнх хувийг нь эзэмшчих санаатай байгаа. Манай улс 51-ээс доошгүй хувиар оролцох ёстой. Иймээс өөрсдийнхөө оролцоог нэмэхийн тулд гурав дахь талын хувьцааг худалдаж авах сонирхол аль, аль талд нь бий.
Харин манай талын зүгээс хөрөнгийн асуудал хүнд байгаа учир мөнгө зарж, нэмж хувь авахгүй байх. Бид одоогийн байгаа 51 хувиа ямар нэг хэмжээгээр төлбөр төлж авна. Оросын тал бол гуравдахь талын хувийг авчих сонирхол их байгаа. Үүн дээр л гацаж байгаа болов уу гэж бодож байна.
-Ерөнхий сайд, Ардын намын дарга С.Батболд хоёр танхимтай парламентыг санал болгосон. Ер нь улс төрийн хямралаас гарахын тулд хоёр танхимтай парламент зайлшгүй хэрэгтэй гэж үү. Үгүй бол нэг танхимтай парламентаа улам боловсронгуй болгох хэрэгтэй юү?
-Зохион байгуулалт, бүтэц гэдэг бол хэлбэрийн асуудал юм. Бид хоорондоо асуудлаа ярьж, бие биеэ сонсч чаддаггүй, шүүмжлэл хүлээж авах дургүй, сонирхлын зөрчилтэй зэргээс үүдэн хамтарч ажиллаж чадахгүй байна. Үүнийгээ бүтэц хангалттай биш, хоёр танхимтай болчихвол дээр гэдэг талаас нь яриад байгаа юм. Миний хувьд ганцхан бүтэц, зохион байгуулалтаас болоод байгаа биш байх гэж харж байна. Үнэхээр хоорондоо итгэлцэлтэй, бие биеийнхээ шүүмжлэлийг сонсч, хүлээж авдаг байсан бол хэлбэрийн талын асуудлыг хөөцөлдөхгүй байсан. Бизнест ч ийм байдаг. Барууны тогтолцоогоор бол үг, үсэг бүрийг гэрээ хэлцэл байгуулж, гарын үсэг зурж байж шийддэг. Мөн Азийн уламжлалт арга бий. Энэ нь итгэлцэл юм. Хоёр хүн яриад, тохироод л ажлаа явуулчихдаг. Бид уг нь Ази талын уламжлалтай гэвэл бие биетэйгээ итгэлцлээр хандах учиртай. Хүмүүс хоорондоо итгэж чадахгүй бол хүссэн, хүсээгүй хуулиа чангатгах, нягтлах, бүтцээ нарийн болгох арга руу л орж таарах юм. Одоо ийм арга руугаа ч орж байх шиг байна. Гэхдээ хугацаа их шаардана.
-Ардчилсан намын зарим гишүүн хоёр танхимтай парламенттай болох яриа нийгмийн анхаарлыг өөр тийш нь хандуулах улс төрийн явуулга байж мэдэх юм гэж ярьж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Бид асуудлаа хоорондоо яриад шийдэж чадахгүй байгаа бол энэ зам руу орохоос өөр аргагүй. Бид аль нэг замыг нь сонгохгүй бол бахь байдгаараа л байна гэсэн үг. Тиймээс хоёр танхимтай парламентыг үгүйсгэхгүй байгаа. Ямартай ч би сүүлийн үед “Бид ямар нэг зүйлийг эвээр болон итгэлцлээр хийдэг улс биш юм байна” гэж дүгнэсэн.
-Хаврын чуулганаар томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Үүний нэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. УИХ-ын гишүүд, хуульчид бүгд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй” хэмээн нэгэн дуугаар хэлж байгаа. Харин та ямар байр суурьтай байна вэ?
-Одоогийн парламентад хэтэрхий их эрх мэдлийг төвлөрүүлчихээд байна. УИХ асуудалдаа гүнзгий орж байгаа хэрнээ тэр хэмжээний нарийвчлалтай сайн задлан шинжилж, баталж байгаа хууль, тогтоомж, шийдвэрүүд нь цоорхой багатай болохгүй байна. Өмнө нь өөр ажил хийж байгаад сонгуулиар сонгогдсон гишүүн парламентын тогтолцоотойгоо танилцаад, үүндээ дасаад нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг судлан, хоорондынх нь уялдаа холбоог ойлголоо гээд тэр ойлголт дээрээ тулгуурлан үүний үндсэн дээр сайн хууль боловсруулах нь дөрвөн жилийн хугацаанд хийж чадах эсэх нь эргэлзээтэй. Ер нь улс орны амьдралыг дөрвөн жилийн хэмнэлд оруулчихаад “Энэ хугацаанд л бүх зүйлийг хийнэ” гэдэг тогтолцоо надад таалагдахгүй байгаа. Богино настай сонгогдчихсон байгаа дээр нь нийгмийн үйл явцын дарамт шахалтад ороод олон асуудлыг түүхий, яаруу сандруу шийдээд байна. Би ингэж л мэдэрч байна. Аливаа хуулийг боловсруулахдаа гадны туршлага ямар байна гэж судлахын зэрэгцээ дотоод асуудлыг нь газар дээрээс нь судлах хэрэгтэй. Бичиг цаас хараад шийдээд байж болохгүй. Хамгийн гол нь цөөхөн асуудлыг чанартай шийдэхгүй бол олон асуудлыг өнгөцхөн чанаргүй шийдчихээр үнэн хэрэг дээрээ асуудлыг шийдэж байгаа бус хоёр, гурав болгон нэмээд байгаа юм шиг санагддаг. Нийгмийн асуудал маш нарийн. Монгол Улсын эдийн засаг нэг бодлын зах зээл рүү ороод байгаа юм шиг, бүх зүйлийг зах зээл шийднэ гэж 20 жил харлаа. Харамсалтай нь тэгсэнгүй. Тэгэхээр төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай нь харагдаж байгаа юм. Харин төрийн зохицуулалтыг нэг сайд, дарга шийдээд байгаа болохоос биш эдийн засгийн төрийн зохицуулалт гэдэг механизм нь алга. Төрийн механизм болох гааль, татвар, үйлдвэрлэл, зөвшөөрлийн бодлогууд, байгаль орчны хяналт руугаа орж чадахгүй байна. Сүүлийн жишээ гэхэд л Тэмдэгтийн хураамжийн тухай хууль юм. Химийн бодисыг гаднаас оруулж ирэхийн тулд том, жижиг компани ялгаагүй жилд 20 сая төгрөг төлөх ёстой. Том компанийн хувьд 20 сая төгрөг магадгүй бага мөнгө. Харин жижиг компанийн тухайд 20 сая төгрөг жилийнх нь ашиг ч байж мэдэх юм. Үүнийг харахад жижиг асуудал юм шиг хэрнээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг олон компанид хүндрэл учруулсан байна. УИХ-ын хууль баталдаг процедур нь хэтэрхий хурдан байгаад хамаг учир бий. Энэ утгаараа Үндсэн хуулийг маш нарийн авч үзэх хэрэгтэй. Үндсэн хуулийг ямар ч туршлагагүй, онолын үүднээс хийчихсэн. Энэ хууль сайн, муу ч гэсэн 20 орчим жил хэрэгжлээ. Тиймээс одоо ямар нэг дүгнэлт хийх цаг нь болсон. Гэхдээ учрыг нь олоогүй байж ойр, ойрхон өөрчлөх нь буруу л даа. Магадгүй энэ удаад сайн ярьж байгаад шийдвэр гаргах хэрэгтэй болов уу.
-Та УИХ хуулийг сайн судлахгүй, хурдан баталж байна гэж хэллээ. Тэгвэл ийм гаж гэж хэлж болох тогтолцоог эрүүлжүүлэхийн тулд юу хийх ёстой юм бэ?
-Мэргэжлийн парламент гэдэг зүгээр нэг хоосон үг биш гэж бодож байна. Парламент огт шинэчлэгдэхгүй, бахь байдгаараа хэдэн хүн суугаад байж болохгүй. Нэг удаагийн сонгуулиар гуравны нэг нь шинэчлэгдэж байвал зүгээр юм. Гэхдээ дандаа шинэ хүн байх юм бол мэргэжлийн парламент гарч ирэхгүй. Тиймээс УИХ-ын гишүүд ч гэсэн өөрсдөө “Би энэ ажлыг хийж чадах уу” гэдгээ бодох хэрэгтэй. Мөн иргэд ямар хүн сонгож байгаагаа судлах ёстой. Бизнесмэн, тамирчин, дуучин гээд л бүгд сонгуульд өрсөлдөнө гэж ярьдаг болчихож. Нөгөө талаар одоогийн сонгуулийн тогтолцоогоор оюунлаг хүмүүс гарч чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй байна. Бас оюунлаг гээд байнга ном шагайгаад байдаг хүн хэрэггүй, амьдралаа мэддэг хүн чухал. Ингээд бодохоор бүх зүйлийнхээ тэнцвэрийг олох ёстой юм.
-Тэгвэл таны хэлснээр одоогийн парламент тэнцвэртэй байж чадаж байна уу?
-Бидний аливаа асуудлыг хэлэлцэж байгаа, гарсан шийдвэрийн чанар зэргийг харах юм бол асуудлыг хангалттай гүнзгий харж, тэр хэмжээгээр гүнзгий ярьж чадахгүй байна. Би өөрийгөө ч гэсэн давхар шүүмжилж байгаа шүү. Мөн УИХ дотроо ний нуугүй, чөлөөтэй ярьж чаддаггүй. Чухам асуудал нь юундаа байна вэ гэдгийг задлан шинжлэх гэхээр ажилдаа дарагдаад завгүй болчихдог. Дотоод ажлаа ярьдаг горим ч алга. Ер нь улс орны ажлаа юун түрүүнд хийх ёстой боловч түүний өмнө өөрийгөө зөв зохион байгуулах, давхар хянах хэрэгтэй.
-Юун түрүүнд сайн улстөрчийг гаргаж ирэхийн тулд Сонгуулийн тогтолцоогоо ярих нь зайлшгүй юм. Гэтэл эрх баригч хоёр нам сонгуулийн тогтолцоон дээрээ санал нэгдэхгүй байгаа. Харин та сонгуулийн тогтолцоог ямар байвал сайн улстөрчийг сонгох боломж бүрдэнэ гэж бодож байна вэ?
-Миний хувьд мажоритор эсвэл пропорциональ тогтолцоо гэж ярих нь дутагдалтай юм шиг санагддаг. Цаг хугацааны хувьд парламент удаан байх нь ач холбогдолтой байж магадгүй. Жишээлбэл зургаан жил ажиллах нь дөрвөн жилээсээ дээр ч байж мэдэх юм. Гэхдээ чанаргүй бүрэлдэхүүн сонгочихоод түүнийгээ олон жил байлгах нь учир дутагдалтай л даа. Яах вэ, бүх юм хоорондоо уялдаатай байгаагийн шинж гэж хэлж болох юм. Эцсийн дүнд хоёр асуудлыг ярьж байгаа. Нэг хэсэг нь мөнгөний сонгууль болоод байна гэдэг. Харин нөгөө тал нь хүнээ мэдэж сонгож чаддаггүй. Сонгогчид сайн мэдэхгүй хүнээ сонгодог. Өнөөдөр ийм л тогтолцоо байна. Тэгэхээр сонгогчдод тухайн хүнийг хэрхэн таниулах вэ, сонгуулийн хугацаанд гадна талаас нь бус агуулга талаас нь яаж ойлгуулах вэ гэдэг нь чухал. Хүмүүс зүгээр юм амлах төдийхнөөр нь харж, сонгочихоод байна. Харин тухайн хүний хийсэн ажил, зан төрх зэргийг таниулах ёстой. Бас сонгуулийн тогтолцоонд хяналтын асуудлыг сайн оруулж өгөх хэрэгтэй.
-УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Мөнгөний амлалт өгөхгүй байх хэрэгтэй” гэж хаврын чуулганы нээлтэн дээр хэлсэн. Намын дарга нар ч үүнтэй санал нэгдлээ. Гэвч яг сонгуулийн үеэр байдал өөрөөр эргэдэг. Гишүүд улстөржиж, мөнгө амлахыг илүүд үздэг. Улстөржихгүйгээр гишүүдийн ажлыг үнэлэх бололцоо сонгогчдод байна уу?
-Нэг үеэ бодвол бид ардчилсан тогтолцоотой байна. Гишүүд хэвлэл, мэдээллээр үгээ хэлж байна. Тойргоороо орж, сонгогчидтойгоо уулзаж байгаа. Сонгогчдын хувьд “Энэ хүн чухам ямар хүн бэ” гэх мэдээллийг авах бололцоо байгаа байх. Ядуу зүдүү, дундаж амьдрал бий учир сонгуулийн амлалт нөлөөлдөг гэдэг нь үнэн. Амлалтуудыг ямар хэмжээнд хязгаарлах хэрэгтэй юм бэ гэдгийг ярих цаг нь ирсэн. Ардчиллын бүхий л асуудлыг өнөөдөр сонгуультай холбож байгаа. Тэгээд л нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд амьдарч байна. Нийгмийн амьдрал гэдэг чинь асар өргөн хүрээтэй. Ардчилал өөрөө сонгуулийн тогтолцооноос хамаараад байх зүйл биш. Сонгуулийн тухай хуулийг ярьсаар байгаад хүнийг хүмүүжүүлэх, боловсруулах, хүмүүс хоорондоо ярьж, ойлголцож сурах, иргэний нийгэм бий болгох зэрэг ажлуудыг орхиод байна. Тийм учраас Сонгуулийн тухай хуулийн хажуугаар нийгмийн ардчилсан тогтолцоог хэвшүүлэх, гүнзгийрүүлэх, төлөвшүүлэх талын багц хууль гарах нь зүйтэй болов уу. Нэг нам ялсан л бол дөрвөн жил бодсон санаснаа хийхийг чухалчлахаас, бусдыгаа сонсох нь бага байдаг. Харин энэ удаа нөгөө намтайгаа хамтарч ажиллалаа. Сайн болон муу тал аль, аль нь байсан байх. Гэхдээ сайн тал нь давамгайлсан болов уу гэж бодож байгаа. Учир нь шийдэж чадаагүй томоохон асуудлыг шийдлээ. Мөн парламентын гадна байгаа нам, хөдөлгөөн, олон нийтийн байгууллагын саналыг сонсдог механизмыг оруулж өгөх хэрэгтэй. Хүмүүс хуучин бие биеэ хүмүүжүүлэх, боловсруулах, хамт олон, нам эвсэл, үйлдвэрчний эвлэл, найз нөхөд нь нэгэндээ үнэлэлт, дүгнэлт өгдөг байсан. Олон нийтийн үнэлэмж байхгүй, нийгмийн үнэлгээнд цочрохгүй, түүнээс хамаарахгүй байна гэдэг нь нийгэм буруу тийшээгээ явж байгаагийн шинж.
-Таныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн даргаар ажиллаж байхад Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан. Харин одоо экс Ерөнхийлөгч МАХН-ыг дахин байгуулахаар ажиллаж байгаа. Мөн долдугаар сарын 1-ний үймээний гэрч болсон. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Би асуудлыг эрх зүйн талаас нь үнэндээ сайн ойлгохгүй байгаа. Монголын өнөөдрийн бодит байдалд улс төр хэтэрхий их байр суурь эзлээд байна. Хүмүүсийн хоорондын харьцаа тэр дундаа улстөрчдийн хоорондын харилцаа гэдэг ч юм уу. Нэг нэгийгээ хэвлэлээр сайн, муу хэлээд байгаа нь нийтэд сонирхолтой санагддаг болчихжээ. Энэ олон телевизийн нийгэмд үзүүлж байгаа нөлөөнд сайн тал бий. Гэхдээ саар тал нь давамгайлаад байх шиг. Иймэрхүү хэрүүлийг улам дэвэргэх хандлага харагдаад байна. Бид өнөөдөр хүн шиг амьдарч, ажилтай байх хэрэгтэй, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд гарч байгаа шинэ боломжуудыг ашиглах, хөрөнгө оруулагчтай тулж ажиллах гээд их ажил байна. Гэтэл бие, биетэйгээ сайдаж, муудах харьцаа дээрээ төвлөрчихөөд байгаа нь хэцүү юм. Энэ бол зөв хандлага биш. Нэг үгээр хэлбэл улстөрчдийн алдаа дутагдал юм уу гэж хараад байгаа. Энэ асуудлаа болдогсон бол хувь хүнийхээ хэмжээнд шийдэж болдоггүй юм уу. Ер нь улс төрийн амбиц илрэх хэлбэр нь бодит асуудлыг хэн нь шийдвэрлэж чадаж байна гэдгээр нь нийгэм дүгнэж байвал сайнсан. Тэгэхгүй бол нийгмийг хүмүүсийн хоорондын харилцаанд татаж оролцуулчихаад байна. Улс төрд нам, хөдөлгөөнүүд цөөдөөд байгаа учир нэг нам дутаад байна гэж бодохгүй байгаа. Монгол шиг үндэстэн ястан бараг байхгүй шахуу, бүгд нэг хэлээр ярьдаг ийм улсад олон тийшээ харсан зорилго, бодлого хэрэг дээрээ байхгүй шүү дээ. Манайх сүүлийн 20 жил л хөл, гараа олохгүй, улс төр нь ч зүг чигээ олохгүй байна. Нэг ёсондоо нь эрх мэдлийн төлөөх амбиц, хувь хүний хоорондын атаа жөтөөний уур амьсгал нийгэмд давамгайлчихаж дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин