Гандантэгчинлэн рүү шинэлэгчдийн цуваа хөвөрсөөр

Хуучирсан мэдээ: 2013.02.11-нд нийтлэгдсэн

Гандантэгчинлэн рүү шинэлэгчдийн цуваа хөвөрсөөр

Шинийн нэгний өглөө Гандантэгчинлэн хийдийг зорин очиход эртлэн боссон шинэлэгчдийн цуваа хөвөрсөөр байсан юм. Тэд Жанрайсаг бурхандаа мөргөн, энэ жилийн засал, хурал номоо бичүүлж, тагтаа хооллон буян үйлдэж ирэх жилээ даатган сүсэглэж байлаа. Шинийн нэгний өглөө Гандантэгчлэн хийд харьцангүй хөл хөдөлгөөн багатай байсан юм.

Гандантэгчинлэн хийдийг зорин ирсэн шинэлэгчдээс улиран одож буй луу жил, гарч буй могой жилийн өнгийг тольдон сэтгэгдлийг нь сонссон юм.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул Хан-Уул дүүргийн иргэн 81 настай Ц.Чойжилсүрэн

Луу жилээ сайхан үдлээ. Олон түмэн, лам хуварга залбирсны хүчинд сайхан өвөлжлөө. Одоо сайхан хаваржих гээд явж байна даа. Луу жилтэй адилхан сайхан усан могой жил гарлаа. Олон түмэн маань луу жилтэйгээ адилхан сүрлэг, өнөр, өтгөн, аж амьдрал нь сайхан жил болох бол уу л гэж залбирч явна даа. Би Гандангийн ээж модонд сүүлийн 16 жил ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Очир-Бат

Өнгөрсөн жил бол сайхан болж өнгөрлөө. Би цагаан сарын шинийн нэгэн бүрт Гандантэгчлэн хийдэд ирж, Жанрайсаг бурхандаа мөргөдөг. Энэ жилийн сар шинийн байдлыг тольдоход сайхан жил гарах шинжтэй байна. Өвөлдөө өнөтэй, хавартаа сайхан усан могой жил гарлаа.

Баянзүрх дүүргийн иргэн Н.Баярмаа

Луу жилээ сайхан үдэж, шинэ оноо сайхан угтан авлаа. Улс хөгжиж байна, тийм болохоор гарч буй усан могой жил маань сайхан жил болно гэж бодож байна даа.

Завхан аймгийн уугуул Баянгол дүүргийн иргэн Н.Лхам

Бүх монголчуудын уламжлалт том баяраа сайхан угтан авлаа. Энэ өвөл дэлхий сүйрнэ гэж цуурхал их дэгдсэн ч тийм зүйлгүй сайхан болж өнгөрлөө. Зурхайч нарын мэрэг төөрөгт бууснаар гарч буй усан могой жил ургац ногоо арвин, хүмүүст ээлтэй тэгш сайхан байна гэж дуулсан. Харин нялхас, өтгөст жаахан халгаатай байна гэж ярих юм. Сайхан жил байна байх аа.

Баянзүрх дүүргийн иргэн Б.Баярмагнай

Өнгөрсөн жил сайхан байлаа. Ирэх усан могой жил маань сайхан байх болтугай. Төр нь төвшин, түмэн олон маань амгалан байхын ерөөлийг дэвшүүлье.

Гандантэгчинлэн хийд шинийн 1-нээс шинийн 3-ныг дуустал өдөр бүр 16.00-18.00 цаг хүртэл Оройн ерөөл хурлыг хурах юм байна. Харин шинийн 3-15-ныг хүртэл 14.00-18.00 цаг хүртэл уг номыг хурах нь ээ. Шинийн 15-ны эхний хурал болох “Оройн ерөөл”-ийг хамаг амьтны сайн сайхны тусын тулд ийнхүү өдөр бүр хурдаг юм байна. 

Түүнчлэн иргэдийн сар шинийн засал, номыг өглөө 09.00-18.00 хүртэл хурах юм байна.

Г.ДАША


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж