
-Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраасан уу?
-Өчигдрийн 15.50 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Богд-Хан уулын Эх цагаан уулын Хөх асгатын дээд үзүүр гэдэг газар түймэр гарсан дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах, гал унтраах, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, мөн Аврах тусгай анги, Төв аймгийн Онцгой байдлын газар, Аврах гал унтраах ангийн аврагч нар, Аврах салбар, Богд-Хан уулын захиргааны нийт 159 хүний бүрэлдэхүүнтэй, 16 автомашинтайгаар ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 22:00 цагт түймрийг цурманд оруулсан. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.
-Гал юунаас болж гарсан юм бол?
-Түймэр нь уулын энгэр хэсэгт 250 метрийн өргөн, 750 метрийн урт хэмжээтэй талбайд гарсан байна. Одоогоор галын шалтгаан нөхцөлийг тодорхойлох боломжгүй бөгөөд түймрийг бүрэн унтраасны дараа галын шинжээчид тогтооно.
-Хавар ой хээрийн түймэр нэмэгдэх хандлагатай байдаг. Сэлэнгэ, Булган аймагт ой хээрийн түймэр гарсныг унтраасан уу?
-Одоогийн байдлаар улсын хэмжээнд Булган аймгийн Хангал сумын дөрөвдүгээр багийн нутаг Салуужингийн гол, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын зааг нутагт гарсан түймэр, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын гуравдугаар багийн нутагт гарсан ой хээрийн түймрийг онцгой байдлын албан хаагчид тус тус цурманд оруулж, одоо бүрэн унтраахаар ажиллаж байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох шатны байгууллагуудаас анхааруулга, сэрэмжлүүлгийг явуулдаг ч нийт түймрийн 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж байна. Хаврын хуурайшилтын үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.