Хуучирсан мэдээ: 2013.02.10-нд нийтлэгдсэн

Цагаан сарын дурсамж

Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц: Цагаан сар гэхээр бага насны явдал их санагддаг юм. Аав маань бурханы ширээнээс жил шахуу хэрэглээгүй хадганд ороолттой хэвээ гарган, хэв дарахад наалдахгүй гэж сүүлний тосоор арчиж цэвэрлэдэг. Манайд том жижиг хоёр хэвээс гадна хүүхдийн хэв гээд жижигхэн дугуй хэв байсан санагдаж байна. Биднээр анх самар, могой, самнаа боов хийлгэхэд нь жигтэйхэн баяр хөөр болдог. Тэгсээр сүүлдээ гурил нухдаг болно. Боовны гурил нухна гэдэг их явдалтай шүү дээ. Зүсэж үзээд жаахан хийтэй бол дахиад л нухуулна. Энэ нь хүүхэд залууст сайн биеийн тамир болохоос гадна хөдөлмөрт сургаж байгаа хэлбэр юм. Одоогийн хүүхдүүд шинэ жилийг тэмдэглэх гэж баярладаг шиг бидний багад цагаан сарыг тэмдэглэх гэж яардаг, баяр хөөр болдог байлаа. Ер нь цагаан сар ойртоод ирэхээр жигтэйхэн их ажил өрнөж, жигтэйхэн их баяр хөөр болно. Ойр зуурын улс бие биестээ туслан хамтран ажил албаа бүтээдэг. Боов хийлээ гэхэд гартаа бультай залуус, бууз хийлээ гэхэд эмэгтэйчүүд хүүхдүүд нь цуглан дор нь гараас гаргачихдаг. Ингэж хамтач байхаас гадна Монголчууд бүгдээрээ гэртээ үйлдвэрлэгч байсан санагддаг юм. Боов боорцог, бууз хуушуураасаа эхлэн ойр зуурын сандал ширээ, ор дэрээ хүртэл хийчихдэг. Өвгөчүүдийн орон доогуур дархан мужааны хэрэгсэл байж л байдаг, хийж чаддаггүй юм гэж үгүй байлаа шүү дээ. Шинийн хорин есөн болохоор айл өрх бүр гэр хороогоо цэвэрлэн, үстэй дээлээ цасан дээр гөвж өлгөөд саваа модоор цохилсон товч хэлбэл их хөдөлмөрч дүр зураг хаа сайгүй бий болдог доо. Ер нь тэгээд сэтгэл санаа, гэр хороо гээд шал ондоо болчихно доо.

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн:

Аавтайгаа би олон жил цагаан сарыг тэм­дэг­лэсэн. Аав минь өөд бо­лоод 10 гаруй жил болчих­лоо. Цаг хугацаа гэдэг ямар амархан юм бэ. Ижий­тэйгээ би 44 цагаан сар тэмдэглэсэн. Ингээд бодоход ижий, аавтайгаа байхад, элэг бүтэн бай­хад, бэлгийг голж шилдэг­гүй бай­хад, хүн ялгалгүй бүгдэд нь үнсүүлэх дон туссан хүүхэд цагийн ца­гаан сар хамгийн сайхан байжээ. Одоо үнсүүлэх хүн цөөрч, үнсэх хүн нь л олон болчихоод байна. Одооны хүүхдүүд чинь настай хүн үнсчи­хээр бараг хацраа арччих юм. Цагаан сарын үнсэлт гэ­дэг бол тэр хүнд олдош­гүй үнсэлт байдаг. Ядаж үнсүүлчихээд хацраа арч­даг­гүй байгаасай гэж хүсэх юм даа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Би бол малчин, ажилчны хүүхэд. Тэр үед бас ч гэж юм болгон элбэг дэлбэг байгаагүй цаг. Манайх жижиг дөрвөн ханатай гэртэй. Хүүхэд ахуйд манайх дутуу юмгүй, бүх юм бүрэн, сайхан айл байсан санагддаг сан. Сар шинийнхээ бэлтгэлд бид бүгдээрээ сэтгэлтэй, зүтгэлтэй оролцдог. Цагаан сар болохоор ээж минь нэг жижиг хивс гаргаж, орныхоо өмнө тавина. Тэр нь ямар гоё гээч. Гэр маань их л ганган сайхан болсон шиг санагддаг сан. Тэгээд айл, хотны бүх л өрхөөрөө нийлж цагаан сардаа бэлддэг. Нийлж хөдөлдөг, нийтээрээ цэнгэдэг, их ёслол хүндэтгэлийн сайхан баяр болдог байж. Тэр дундаа битүүлсний маргааш шинийн нэгний өглөө аав, ээждээ золгож үнсүүлнэ гэдэг ямар их ерөөл гэж бодно. Биднийг өсгөхдөө аав, ээж минь хүүхдийнхээ хүсэл, зорилго тэмүүлэл, дотоод сэтгэлийг нь бас чагнаж,  мэдэрч өсгөж байжээ. Юм л бол дураар нь байлгах биш, зааж залж, өөрөө үлгэрлэж, дагуулж явсан. Цагаан сартай холбож ярихад, бууз банш хийхээс эхлээд нарийн ширийн бүхнийг зааж сургасан. Би жишээлбэл хоёр, гуравдугаар ангиасаа эхлээд боовны гурил, бэмбий нухдаг байлаа. Сүүлдээ арай жаахан том болоод айлд уригдаж бэмбий нухна. Сайхан хэвийн боов дарж сураад, айл саахалтындаа боов дарж явлаа. Тэр бүхэн эргээд санахад сар шинэтэй холбоотой сайхан дурсамжууд яах аргагүй мөн юм. Одоо эргээд санахад миний сайных, мундагийнх гэхээс илүү болохгүй, чадахгүй байсан ч хүүхдэд итгэл өгдөг. Сайхан дэмнэж, бурмаар биш урмаар тэтгэнэ гэж ярьдаг, тэр л аргаар биднийг айл аймгийнхан, аав ээж мань хүмүүжүүлж дээ.

Мэргэжлийн сумогийн ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж:

-Би айлын бага хүүхэд болохоор аав, ээжийгээ дагаад айлаар их орно. Гэрийнхээсээ хамгийн их айл хэсдэг хүүхэд нь би байсан юм. Би аавын хүүхэд байсан болохоор аав хөдөө гадаа явсан ч хамт л явдаг байлаа. Тэр үед би жаахан байсан ч гэсэн байнга аавынхаа өвөр дээр эрхэлж, энгэрт нь асаж явсан сайхан цагаа мартдаггүй.


УИХ-ын гишүүн асан кекүшюзан Д.Батбаяр:
Би чинь багадаа бусдын л адил хөдөө өссөн. Ховдын Мянгат, Увсын Хяргас сумдад амьдарч байлаа. Цагаан сараар эмээтэйгээ байх үе сайхан байлаа. Тэр үед чинь нэг төгрөг л бэлгэнд өгдөг байсан. Тэгэхээр нэг төгрөгүүдээ хураахаар айлуудаар орно шүү дээ. Мандарин өгвөл гадаа цасан дунд булчихаад сүүлд нь нэг нэгээр нь “хайрлаж” иднэ. Мандарин л хамгийн том бэлэг байлаа.

Б.ЭНХМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж