
гишүүн “Фортуна” хочит Н.Батбаярын хувийн вэб хуудас дээр энэ удаагийн
УИХ-ын 76 гишүүний төрсөн өдрийг он дарааллаар нь байршуулжээ. Энд
бичсэнээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хамгийн ахмад нь буюу 1941 оны
дөрөвдүгээр сарын 15-нд төржээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хоёрдугаар
дайнтай нас чацуу гэсэн үг. Ингэж хэлэнгүүт манай гишүүд “Пөөх паах, 70
настай өвгөнийг яахаараа дахин дахин парламентад сонгоод байдаг байна
аа” гээд л гадуурхаж магадгүй л юм. Гэвч манай одоогийн парламентад
дөнгөж нэг, хоёр дахь удаагаа сонгогдож байгаа мөртлөө хэзээний
төрөлхөөсөө л өндөр дээд амьтан байсан мэт биеэ тоож, хуц ухна
тавьчихсан мэт өөрийгөө санадаг, амьдралаас тасарчихсан, тэр хэрээрээ
өөрчлөлт шинэчлэлтээс үргэж ухарч, адагт нь сууж байдаг үхширсэн
бодолтой нөхдүүд цөөнгүй. Харин Д.Дэмбэрэл даргын хувьд УИХ-ын даргаар
сонгогдох хүртлээ албаны машин унахаасаа илүү такси барьж, гэр лүүгээ
явган алхдаг, одооны зарим залуусаас ч илүү хөнгөн шингэн, тэр хэрээрээ
жирийн иргэдийн амьдрал ахуйтай илүү ойр байж, болж бүтэхгүй байгаа
асуудлыг нь ч гэсэн аль болох олж харах гэж хичээдэг нэгэн.
Харин
гишүүдээс хамгийн залуу нь 1975 оны хоёрдугаар сарын 27-нд төрсөн
Ж.Сүхбаатар гишүүн. Түүний араас 1974 онд төрсөн С.Бямбацогт, 1973 оны
Кёкүшюүзан Д.Батбаяр, Лу.Гантөмөр, Ж.Энхбаяр, 1971 оны Х.Тэмүүжин гээд
залуус жагсаж байна. Яах аргагүй одоогийн парламентад өөр өөрийн өнгө
төрхийг бий болгож, бусдаасаа ялгарч байгаа залуусын “арми”, далаад
оныхон. Тэдний араас энэ цаг үед төрийн хар бор ажлын гол нурууг
өргөлцөж, хараал ширээлийг нь ч бас хамт сонсож яваа жараад оныхон буюу
З.Энхболд, С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, Х.Баттулга, Л.Гансүх, Лу.Болд,
Сү.Батболд гээд үргэлжилнэ. Харин тавиад оныхон бол одоогийн парламентад
илт бүдгэрч эхэлсэн байна.
Төрсөн өдрөөр нь шүүгээд үзвэл УИХ-ын
гишүүн Н.Батбаяр дөрөвдүгээр сарын 1-нд төрсөн, энэ өдөр төрсөн хүн
нэлээн гайгүй “худалч” байх ёстой. Н.Батбаяр гишүүн ч гэсэн аливаа
асуудлыг урагш түлхэх болон хойш татах тал дээр гаргуун мэргэшсэн,
гаргасан саналаа бусдаар дэмжүүлж лоббидох тал дээр ч сүрхий овжин нөхөр
гэж байгаа. Харин Улсын баатар Э.Бат-Үүл долдугаар сарын 1-нд төрсөн юм
байна. Тиймээс ардчилал, хүний эрхийн төлөө цогтой тэмцэгч маань лав
2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдлаас хойш төрсөн өдрөө хэрхэн
тэмдэглэдэг болсныг таахад бэрхтэй. Дээр нь сар бүрийн 1-ний өдрийг
нийслэл даяар “архигүй” өдөр болгосон тул тансаг ресторанд төрсөн
өдрийн “банкет” хийх боломж лав нэг их олдохгүй л болов уу. Харин
ардчилсан Ерөнхийлөгч маань энэ жилээс эхлэн аливаа баяр ёслолыг архитай
биш, сүүтэй тэмдэглэх уриалга гаргаж, тэр нь залуу гэрлэгсдэд хүртэл
халдварлаад байгаа болохоор Э.Бат-Үүл баатарт бас нэг шинэ зуршил
нэмэгдсэн байхыг үгүйсгэх газаргүй л юм.
Б.ГАЛ