
Жилд бод, бог малын нийт 10,3 сая ширхэг арьс бэлтгэгддэгээс 25,8 хувийг нь үндэсний үйлдвэрлэгчид боловсруулдаг. Үлдсэн 74,2 хувь нь түүхий болон анхан шатны боловруулалт хийгдсэн байдлаар БНХАУ руу экспортлогдож байна. Тиймээс Засгийн газрын өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих шийдвэр гаргасан нь Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлтэй нөхцөлөөр зээл олгох, хяналт тавих, тайлагнах журам юм. Хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна. Зээлийн үргэлжлэх нийт хугацаа 5 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 1 жил, зээлийн хүү жилийн 7 хувиас ихгүй байна. Энэ нөхцөлөөр зээл авах хүсэлт бүхий үндэсний үйлдвэр нь зээлийн хөрөнгийг ашиглаж, арьс, ширийг гүн боловсруулах, түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөлтэй байх юм.
Улаанбаатар, Дархан хотын гадна талд арьс, ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах дэд бүтцийг барих төлөвлөгөө, тооцоог хамтран боловсруулж энд онд багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт хуралдаанаас даалгасан байна. Түүнчлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болон малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох ажлын явц, үр дүнг энэ оны эхний улиралд багтаан танилцуулахыг Х.Баттулга сайдад үүрэг болгожээ.